”МИАТ-ийг хувьчлах асуудлыг хурдлуулах нь хэнд ашигтай вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

 

МИАТ-ийг хувьчлах тухай асуудал өнгөрөгч оны хоёрдугаар сарын эхээр чуулганаар ороод дэмжлэг аваагүй юм. Энэ компанийг хувьчлахгүй бол хэдэн дарга нар нь идэж уудаг явдал зогсохгүй гэх зүйлийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын зарим нөхдүүд хэлж байсан ч, тэр үед олонхийн дэмжлэг аваагүй. Цагаан захтнууд буюу улстөрийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн турхиралтаар үйлдэгдсэн байж болзошгүй гэх  тодотголыг араасаа дагуулж байсан МИАТ-ийн хэрэг ид олны анхааралд байсан нь ч, хувьчлах асуудлыг хойшлуулахад хүргэсэн шалтгаан байх магадлалтай.

 

Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Батцогт өнөөдөр манайд иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван авиа компани МИАТ компанийг хувьчилж авах нь гэж байсан. Мөн тэрбээр МИАТ-ийг ашиглаж асар их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт эдгээр компанийн нөхдүүд ч гэсэн холбогдоод байгаа учир ийм хүмүүст өгөх нь байж боломгүй хэрэг гэж байсан юм. Харин С.Одонтуяа гишүүн өмнө нь манай улсад явагдаж байсан хувьчлалууд бараг бүгд үр дүнгүй болж, одоо эргээд төр нь буцаан авах талаар ярилцаж байгааг, түүнчлэн дэлхийн бусад орнууд ч агаарын тээврийн үндэсний компаниа төрийн мэдэлд авахыг эрмэлзэж байхад манайх хувьчлах талаар ярих нь буруу гэж байсан юм.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Чингис бонд"-оос босгосон мөнгөөр МИАТ компанид таван онгоц худалдаж авч өгөхөөр болсон. Гэтэл МИАТ компанийн 49 хувийг хувьд шилжүүлнэ гэвэл төрийн мөнгөөр энэ компанид онгоц худалдаж авч өгч яах юм. Өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулмаар байна" гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат "МИАТ компанийн тодорхой хувийг хувьчлахгүй бол ард түмний хөрөнгөөр босгосон компанийг төрийн толгойд байгаа нь идээд, уугаад дуусна. Эцэст нь МИАТ компани дампуурна. Тийм учраас хувьчлах ёстой" гэж байсан.

 

Иймэрхүү байр суурийг гишүүд илэрхийлснээр МИАТ-ийн төрд данслагдах хугацаа сунгагдаж байсан. Харин цаашид олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх буюу хувьцаагаа гаргана гэгдэж буй тус компанийн 51-ээс доошгүй хувь нь төрд үлдэх асуудал ажил хэрэг болох хугацаа наашилж байж мэдэхээр байна.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nomin (202.170.68.20) 2014 оны 01 сарын 16

xuvichilsan ni deer ee ajilaa xiij chaddag ni xiigeed chaddagui avgai nar emee nar uvuu nar zaigaa tavisan nideer shde

0  |  0
zochin(103.26.194.92) 2014 оны 01 сарын 15

jenkood ashigtai daa ard ni solongosuud baigaa shuu Ganbat jenkoogiin emnees duugaraadl....

0  |  0
Top