Ерөнхий сайд Н.Алтанхуяг 30 минут уулзалтаараа өнөөдөр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа
-Валютын ханшийн өсөлтийг буруулахад зөвхөн банк ажиллах ёстой юм биш л дээ. Аж ахуйн нэгж, иргэдэд хандаж хэлэхэд хэрэгтэй, хэрэггүй юмыг гадаадаас авах шаардлагагүй гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр дээр ажиллах үеэр гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүнээ багасгах талд юу хийж байна вэ гэдгийг сонирхлоо. Монголдоо хамгийн томд тооцогдох бүсийн оношлогоо, эмчилгээний төв байгуулахаар ажил үргэлжилж байна. 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, одоо 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихвэл ажил дуусна. Орчин үеийн технологиор тоноглогдоно.
Үйлдвэрийн удирдлагатай яриад ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж чадна биз гэдгийг анхааруулсан. Тус оношлогоо эмчилгээний төв ашиглалтад орчихвол жил бүр иргэдийн гадагшаа гаргаж байгаа 150-200 сая ам.долларыг Монголдоо үлдээх боломжтой болох юм. Тэгэхээр гарцаагүй шаардлагатай тоног төхөөрөмжийг бол гадаадаас авдаг л байх, хоёрын хооронд юмыг бол худалдаж авах шаардлагагүй, тэр тусмаа дотоодод үйлдвэрлэж байгаа нөхцөлд түүнийгээ л авах нь зөв.
Өнгөрсөн онд бид төв банктайгаа хамтраад “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэ жилийн гол бодлого бол импортыг орлох буюу дотооддоо үйлдвэрлэж байгааг нь ав гэдэг зарчим барьж байна. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд л дотооддоо хийгээд байгаа юмыг авдаггүй гадаадаас илүү үнээр авдаг байснаа зогсоосон байна. Тийм учраас дотооддоо үйлдвэрлэж байгаа нь гадаад руу экспортлоход Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэж ойлгоорой.
-Цахилгааны үнийг 10-15 хувиар, дулааны үнийг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Эрчим хүчний яам гаргаад байна. Судалгаагаа ч хийсэн харагдсан. 2013 онд алдагдал 20 тэрбум төгрөгөөр өссөн учраас нэмэхээс арга алга гэх тайлбар хийж байна. Үнэ нэмэхийг Засгийн газар зөвшөөрч байгаа юм уу?
-Хэн нэмэх тухай ярьсан юм.
-М.Сономпил сайд ярьсан?
-Үнэ дахин өсгөх тухай ойлголт бидэнд байхгүй. Яг одоо бол цахилгаан, дулааны үнийг өсгөх тухай асуудал яаман дээр ч яригдаагүй, Засгийн газрын төвшинд ч яриагүй. Ярих ч үгүй.
-Төрийн албан хаагчдын цалинг хэзээ нэмэгдүүлэх вэ. Ирэх гуравдугаар сарын 1-нээс цалинг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргахгүй бол тэмцлийн хэлбэрийг сонгоно гэх байр суурийг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос хийлээ?
-Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав гурван талт хэлэлцээрийг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч зэдийн холбооны тэргүүнтэй хийж цалинг нэмэхтэй холбоотой тодорхой хэмжээний хөрөнгийг 2014 оны төсөвт суулгасан. Аль салбарынхны цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг холбогдох газруудтай нь яриад шийдчихнэ.
-Царцаасан 200 гаруй обьектын жагсаалтыг Засгийн газар хэзээ УИХ-д оруулж ирэх вэ?
-Царцаасан обьектууд дээр Үндэсний аудитын газар шалгалт оруулж дүгнэлт гаргах учиртай. Дүгнэлт ирээгүй байна. Ирэх долоо хоногт аудитаас энэ тухай дүгнэлтийг гаргуулаад хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ёстой шүү, Мөнхтөр дарга аа.
-Засгийн газар эдийн засаг хүндхэн байгаа нөхцөлд яаж ажиллах вэ?
-Дэлхийн эдийн засгийн байдал, урд хөршийн эдийн засаг өнгөрсөн онд сайнгүй байсан. Ийм үед бид Монголбанктай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлснээр дотоод дахь ажлуудаа хөдөлгөж эдийн засгийн өсөлтийг 11.7 хувьтай гаргаж чадсан.
Өнөө жил ч эдийн засаг мөн л адилхан сайнгүй байна. Ийм байгаа ч бид дотооддоо авах ёстой арга хэмжээг авч байгаа. Дотоодынхоо үйлдвэрлэл, бизнесийг дэмжих чиглэлд энэ жилээс эрчимтэй ажиллана.
Сэтгэгдэл ( 2 )
Ёо ёо, ёстой мундаг ерөнхий сайд шүү. Гал яаж түлэхийг заана, одоо бүр хэрэгтэй хэрэггүй юм авахгүй байхыг заадаг болж. Урьд нь МАН Энхбаярын үед ямар ч сайхан байсан юм бэ дээ. Ганц нэг удааг эс тооцвол доллар 2000-2008 онд ер нь бараг хөдлөхөө больчихсон. АН-ын дагзнууд гарч ирэхээс өмнө бол долларын ханш унаад төгрөгийн ханш чангарч байлаа ш дээ. Дараагийн сонгуульд ёстой нохой ч байсан МАН-даа саналаа өгнө өө.
superman shuu amjilt husie.