Чөлөөт ардчилсан нийгэмтэй манай улсад хүн бүр дээд боловсрол эзэмшиж, диплом авах гэсэн хүсэлтэй болоод удаж байна. Үүнийгээ дагаад чанартай чанаргүй их дээд сургууль олширсон. Манай улс хүн амынхаа тоонд ноогдох дээд сургуулийн тоогоор дэлхийд толгой цохиж яваа. Үүнээс гарч байгаа үр дагавар нь дипломтой ажилгүйчүүд. Ажилд авах газар олдохгүй, арга ядахдаа цэвэрлэгч, зөөгч хийгээд явах нь энүүхэнд болсон. Энэ нь хэний буруу вэ. Дээд боловсролын системийг бизнес болгосон хувийн олон, жижигхэн сургуулийн захиргаанд уу. Олигтой сурч чадахгүй, шоудаад дөрвөн жилийг үддэг хэнэггүй оюутнуудад уу. Дээд боловсрол эзэмших гэж эцэг эх нь буруу харж инээж зөв харж уйлах дээрээ тулан байж хүүхдээ сургуулийг нь төгсгөдөг. Тэд хүүхдүүдээ эрдэм номтой хүн болоод хүний дор оролгүй сайхан амьдраасай гэсэн дээ сургаж байгаа нь тэр.
Нэг талаас нь харахад залуус мэргэжлээ зөв сонгож чадахгүй байна. Төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар, төлөвшил нь ажил олгогчдын шаардлагад нийцдэггүй болсон. Тиймээс яах аргагүй дээд боловсрол олгодог сургуулиудын сургалтын чанар муу байгаатай холбоотой. Үүнийг нэгэнт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их сургуулиудыг зэрэглэлээр нь жагсаахад МУИС 3700, ШУТИС 4200 дээр жагсаж байна. Бусад их дээд сургуулиудын хувьд бол сураг ч байхгүй гэсэн үг. Их дээд сургуулиуд тоо биш чанарт анхаардаг болох цаг нэгэнт болсон. Хамгийн харамсалтай нь үүнд төгсөгч залуус хамгийн ихээр хохирч байна. Тэдэнд ажил олддоггүй, олдсон ажлыг нь хийж чаддаггүй. Ийм гажиг чанаргүй боловсролын тогтолцоог хэн өөрчлөх вэ.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )