“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өнөөдөр “Буянт-Ухаа” цогцолборт болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia mining 2014” өмнөх жилүүдийнхээс улам өргөжиж, 16 улсын 120-иод компани оролцохоор бүртгүүлжээ.
Тодруулбал, АНУ-ын “Joy Global”, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч “Cummins”, ХБНГУ-ын “SEW Eurodrive”, ОХУ-ын “Уралмашзавод”, Японы “Mitsubishi” группийн охин компани “Ryoko Sangyo”, Австралийн “Scantech”, Туркийн “Sahinler metal”, Польшийн “Sempertrans” зэрэг дэлхийд тэргүүлэгчдээс гадна БНХАУ-ын хүнд машин механизм үйлдвэрлэлийн томоохон компаниуд оролцох аж. “Уул уурхайн салбарынхан сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан олон улсын үзэсгэлэн хэсэлгүйгээр дэргэдээсээ техникийн хөгжлийн чиг хандлагыг олж мэдэн, хэрэгтэй төхөөр өмж өө авах боломжийг олгоно” хэмээн П.Чимэдням үзэсгэлэнгийн ач холбогдлыг дүгнэв.
Газрын тосны салбарыг хамран зохион байгуулж буй нь өмнөх жилүүдийнхээс ялгарах бас нэгэн онцлог гэнэ. Мөн үзэсгэлэнгийн үеэр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газраас Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар танилцуулга хийж, Оюу толгой, Эрдэнэс Таван толгой гэх мэт Монголын томоохон уул уурхайн компаниуд танилцуулга хийх бөгөөд Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, ОХУ-ын Уралмашзавод манай бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулах аж. Үзэсгэлэнд оролцогч болон зочдыг “Улаанбаатар”, “Баянгол”, “Рамада” зочид буудлаас “Буянт-Ухаа” цогцолбор луу автобусаар цаг тутамд үнэгүй хүргэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )