Жоншны хөтөлбөр боловсрууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

“Монгол-Жонш” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өнөөдөр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын жоншны холбоо хамтран санал солилцох хэлэлцүүлэг хийлээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичгийг намрын чуулганаар баталсан бөгөөд дагалдуулж, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд “Монгол-алт”, “Монгол-Нүүрс” гэх зэргээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг салбарлуулан дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Үүний нэг болох “Монгол-Жонш” хөтөлбөрийг боловсруулахад шаардлагатай цаг үеийн асуудлаар болон жоншны үйлдвэрлэлийг сайжруулахад юу хэрэгтэй талаар өнөөдөр бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоод хамтран хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Улс хайлуур жонш олборлолтоор дэлхийн улсуудаас эхний тавд багтдаг бөгөөд өнгөрсөн онд 330 мянган тонн жоншны бүтээгдэхүүн экспортолжээ. Одоогийн байдлаар 17 хүдэр олборлон баяжуулах үйлдвэр, 43  жоншны уурхай байгаа юм. Цаашдаа хайлуур жоншны олборлолт, экспортын ашгийг нэмэхийн тулд ийнхүү тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд салбарт жишиг үнэ, татварын асуудал хамгийн хүндрэлтэй байгааг Монголын жоншны холбооныхон үзэж байгаа юм. Жишиг үнийн тал дээр зах зээлийн үндэслэл муутай тогтоож байгааг болиулж, цаашдаа гэрээгээр тогтоох хэрэгтэйг салбарынхан хэлж байсан. Ийнхүү Монголын жоншны холбоо “Монгол-Жонш” дэд хөтөлбөрийгболовсруулж, Уул уурхайн яамаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top