Хойд хөрш бидэнд нефтийн бүтээгдхүүний нийлүүлэлтийн асуудал дээр дандаа хатуурхаад байдаггүй бололтой юм. Түлшний үндсэн гол цорго болох тэдний зан хувирч энэ сарын 1-нээс газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвараа тонн тутамд 0,7 хувь буюу 2,6 ам.доллараар нэмэхээр шийдсэн тухай таагүй мэдээлэл бидэнд ирээд байсан ч, саяхан тус улсаас манайд нийлүүлж байгаа нефтийн бүтээгдхүүндээ үнийн хямдрал зарласан гэх мэдээлэл байна. Гэвч манай засаг түүнийг ашиглах гэж яарахгүй байгаа талаар газар тариалангийн салбарын нөхдүүдийн төлөөлөл ярьж байгааг МУНН-ын дарга Д.Батболд онцолсон байх юм. Тэрбээр хойд хөрш хямдрал зарлаад байхад нь манайхан ашиглахгүй байгаагийнх нь учрыг нөгөөх газар тариалан эрхэлдэг нөхрөөс тодруулан асуусан аж. Тэгтэл тэдэнд ашиггүй юм гэнэ гэсэн хариултыг сонсчээ. Яагаад гэвэл тэд хаврын тариалалтын үеэр дизелийн түлш, үрийн будаан дээр ажиллаж хэдэн тариаланчдаасаа юм унагадаг нь алга болчих гээд новшроод байгаа юм даа ...хэмээн их л цухалдсан байдлаар хэлж байгааг нь сонсоод зэвүү дургүй зэрэг хүрлээ гэдэг л боллоо... хэмээсэн байх юм. Мөн тэрбээр энэ новшийн засаг, новшийн засагийг бий болгож буй системийг өөрчлөхгүй бол Монгол орон өрөнд баригдаж өтөнд идэгдэж дуусах л зам үлдсэн бололтой... Хувь хувьдаа довоо шарлуулж байтал улс орон маань үгүй болох нь босоод тэмцээд жагсаж цуглаад явах гэхлээр харийнхны хоол болчих гээд байх...эрх баригч хувалзнуудаа шуналаа татаж ардаа, улс орноо ядаж нэг хэсэг бодож шийдвэрээ гаргаач ээ л гэж уриалахаас өөр арга одоогоор алга шиг....Та нар чинь Монгол газар шороон дээр Монгол эхээс төрсөн, Монгол аавын хүүхдүүд байж юу хийгээд байнаа ... Энэ АН-д МАН-ыг дарж өөрчлөлт шинэчлэл хийж шударга ёс тогтоох байх гэсэн гэнэн итгэлээр хандаж нэг хэсэг дуугүй харлаа одоо итгэл бүрэн алга боллоо. Монголын төрийг шуналын төр болгож байгаа энэ системийг өөрчлөхгүйгээр төрд очсон хэнийг ч шуналын намагт чирэн оруулж буй системийг үгүй хийх улс төрийн реформ хийж нүглээ цайруулахсан даа, Ардчилсан намаа... Ухаарч сэхээрээч эрх баригчидаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тэгэхээр төрийн эрхэн дэх нөхдүүд сайдын сандал суудлын асуудлаа нухацтай хэлэлцэн завгүй байгаа энэ өдрүүдэд улс орны эрх ашиг гэдэг юм уг нь эхэнд л эрэмбэлэгдэх учиртай. Гэтэл энэ мэт нөхцөл байдлаас харахад үгүй бололтой л юм. Үнэ нь өсөөд хэцүү байна гээд байдаг түлшний салбарт жаахан гэгээтэй асуудал орж ирэхэд нь мэдээгүй царайлж хав дарсан төр засгийнхан болоод энэ асуудлаар таг чиг суугаа импортлогчид дараагийн удаад үнэ нэмэгдэх асуудал яригдахад дуугүй байхгүй нь мэдээж. Гурван хувийн ашгийн төлөө явж байгаа нэрээр чамгүй хэмжээний алдагдлыг нуруундаа үүрч байна гэж гомдоллодог импортлогчид цаагуураа бол улстөрийн нөлөөлөл дор бизнес эрхэлж байдаг нь ч эндээс эрхбиш ойлгогдож л байна. Ам.долларын ханшийн эрсдэл гэхээсээ экспортын үнийн дарамтаас үүдсэн бэрхшээлтэй нүүр тулчихаад байгаагаа хэлж ярьдаг импортлогчид болоод засаг дахь эрхмүүд уг нь үнийн хямдралыг ашигласан бол аштай юу даа. Яахав, манай Ерөнхий сайдад хүч хэрэглээд үнэ буулгачихдаг туршлага бий гэдгийг тодотгож хэлж байхад гэмгүй л дээ. Төр засгийн зүгээс шатахууны салбарыг сайтар дэмжсэн гэж сайд өөрөө хэлээд байдаг. Харин нөгөө хэд нь зовлонгоо хамаагүй чанга дуугаар ярьж чадахгүй зовлон бий гэдгээ хааяадаа хэлж л суудаг.
Ямартай ч ОХУ хоёрдугаар сард газрын тосны экспортын татвараа тонн тутамд 14,7 ам.доллараар бууруулсантай холбоотойгоор эерэг хүлээлт үүсч байсны араас ханш эргээд нэмэгдсэн нь ерөнхийдөө энэ салбарын тогтворгүй байдлыг харуулж байсан. Нэг талаас тогтворгүй салбарт тоглогч байхын тулд боломж сиймхийг алдахгүй байх тал дээр манайхан мэдрэмжтэй хандах тал дээр анхаармаар. Тэр үүднээс харвал дээр дурдсан үнийн хямдралын асуудлыг хав дараад өнгөрөөж боломгүй. Гэвч тийм чин сэтгэл манай нөхдүүдэд байхгүй юм байна. Юуных нь төр түмний эрх ашиг байх вэ дээ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
er ni namuudiin deer nam bus tolgoi baiwal zugeer baihaa tehgui bolohloor hoorondoo alaltsaal baihiin garah gj baih uedeech garsan hoinooch namchihaad ingeed ashig honjoo haigaad ard irgedee toohgui bga humuus yaj ulsiig awch ywj chadah ym aygui bol 5 jiliin dotor l mongol uls bish hen ulsiin mongol hemeeh muj bolohwiidee gj