Б.Батгавьяа: Уул уурхайн өндөр хөгжсөн орнуудтай эн зэрэгцэж ажиллах бүрэн чадамж бидэнд бий

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

  

Уул уурхайн салбар анхаарлын төвд байгаа энэ үед төрийн оролцоо гэхээс илүү хувийн хэвшлийн үйл ажиллагааг сонирхохыг хүслээ. Аль чадвартай нь өрсөлдөөнд ялагч байх дүрэмтэй уул уурхайн салбарын томоохон тоглогч болох "Пауэр Опен Пит" ХХК-ийн захирал  Б.Батгавъяагаас зарим зүйлийг тодруулж, үйл ажиллагаатай нь танилцсанаа уншигч танд хүргэе.

-   Та өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байна уу? Миний хувьд "Эрдэнэт Гранд Майнинг Групп” - ын уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компани болох "Пауэр Опен Пит" ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

-Та компанийхаа тухай бидэнд дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Манай компанитай танилцахаар биднийг зорин ирсэнд баярлалаа. Юуны өмнө Группынхаа тухай танилцуулах нь зөв болов уу. Манай "Эрдэнэт Гранд Майнинг Групп” нь уул уурхай, барилга угсралт, эрчим хүч, төмөр зам гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. "Пауэр Опен Пит" ХХК нь уул уурхайн зураг төслийн чиглэлээр судалгаа хийж зургаа дахь жилдээ амжилттай ажиллаж байна, тэр дундаа геологи, хайгуулын ажил, нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх, уурхайг ашиглалтанд хүлээлгэж өгөх хүртэл нь бичиг баримт боловсруулах, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэдэг.

-Тэгвэл танай компанийг уул уурхайн зураг төслийн чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг компаниудын анхдагчдын нэг гэж ойлгож болох нь ээ?

- Ер нь тэгж ойлгож болно, уурхайн ордын нээлтээс, хаалт хүртэлх бүхий л ажлыг цогцоор нь гүйцэтгэж байгаагаараа анхдагч юм.

-Инженер техникийн ажилчдын багийнхаа талаар танилцуулахгүй юу?

Манай компанийн хувьд үндэсний чадварлаг инженер, техникийн ажилчдаар багаа бүрдүүлж чадсан бөгөөд ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг нэн тэргүүний зорилгоо болгодог. Төслийн багийн хувьд салбартаа  2-20 жил ажилласан мэргэжлийн туршлагатай инженер техникийн ажилчид ажилладаг, түүнчлэн олон жилийн арвин туршлагатай МУ – ын Зөвлөх инженерүүдтэй хамтарч ажиллаж байна. Манай инженерүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн мэргэжлийн программ хангамж болох MicroMine, Surpac, Minex, Whittle зэрэг программуудыг  инженерийн тооцоолол, нөөцийн тайлан, уурхайн зураг төсөлд  ашиглаж байна.


- Монголын компаниуд олон улсын стандартын дагуу ажиллаж чадаж байна уу? Ялангуяа танай компанийн хувьд.

-Дээр хэлсэнчлэн бид уул уурхайн ОУ – д хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн программ хангамж дээр ажиллахын зэрэгцээ уул уурхайн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу ажилладаг гадны инженерүүдтэй хамтарч ажиллаж байна.  

-Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд тендерт оролцоход хүндрэл нь юу байдаг вэ?

-Тендерийн асуудал дээр яриад байвал хүндрэлүүд бий л дээ, бас авах сайн талууд ч байна. Энэ жилээс тендерийг цахимаар авч эхэлсэн, энэ нэг талдаа бичиг цаас хэмнэх, цаг хугацаа хэмнэх гээд давуу талууд байна. Мөн үүний хажуугаар зарим нэг ойлгомжгүй зүйл ч бас байна. Саяхан Худалдан Авах Ажиллагааны газраас "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн нөөцийн тайланг JORC стандартын дагуу боловсруулах шалгуур үзүүлэлттэй тендер шалгаруулалт зарлагдсан. Уг тендерт ороход JORC стандарт Монголд мөрдөгдөхгүй байгаа гэдэг ч юм уу жижиг асуудлууд бол байгаа.

-JORC стандартын дагуу нөөц батлахад гаргахад танай инженерүүдийн мэргэжлийн чадамж хэр үнэлэгдэж байна вэ?

- Жорк стандарт нь Эрдэс баялгийн нөөцийг тайлагнах стандартчилал гэж ойлгож болно. Жорк нь геолгийн найдвартай байдал, ТЭЗҮ – д тулгуурлаж гаргасан нөөцийн хэмжээ, сорьцын ангиллыг харуулсан зайлшгүй дагаж мөрдөх тогтолцоо юм. Жоркоор нөөцийг тайлагнахдаа анхаарч үзэх ёстой шалгуур үзүүлэлт төдийгүй мэргэшсэн мэргэжилтэн зааварчилгааны дагуу бичиж тайлангийн үнэмшил, чанарыг бүрэн хариуцдаг. Тэгэхээр олон улсдаа хүлээн зөвшөрөөгдсөн стандартаар нөөц тогтоох, тайлан бичих эрхтэй лиценз авах юм бол бидний хийсэн ажил маань илүү баталгаатай мөн монголын болон олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргахад ямар ч эрсдэлгүй болно гэсэн үг юм. Бидний хувьд одоогоор Австралийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ стандартын лиценз олгодог байгууллагад хүсэлт илгээсэн. Цаашдаа өөрсдийн инженерүүдээ Жорк стандартын дагуу ажиллах бүхий л боломжоор хангаж ажиллахыг зорьж байгаа. Монгол инженерүүд маань Жорк стандартын дагуу нөөц тогтоогоод эхлэх юм бол гадны хөрөнгө оруулагчдыг татах гол үзүүлэлт болох юм. Мөн түүнчлэн бидний зорилго бол цаашдаа чадварлаг инженерүүдээ уул уурхайн өндөр хөгжсөн улс орнуудад мэргэжил дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу ажиллах эрх авахад бүхий л талаар дэмжиж ажиллах юм.

- Сүүлийн жилүүдэд танай компанийн хийсэн томоохон ажлуудыг  сонирхуулвал?

-Манай компани сүүлийн жилүүдэд төрөл бүрийн чиглэлээр олон төсөл дээр амжилттай ажиллаад байна. Тухайлбал алт, зэс, нүүрсний төслүүд мөн түгээмэл тархацтай ордууд болох элс, хайрга, шохой гэх мэт. Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн томоохон төслийн ажлаас дурьдвал. Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий "Шарын гол" ХК-ийн Шарын голын нүүрсний уурхай, Биг Могул коул энд энержи” ХХК-ийн Хөөтийн нүүрсний ордын төсөл, Шивээ-Овоо” ХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Төмөртэйн төмрийн хүдрийн ордын ТЭЗҮ зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байгаа нь манай компаний тэр дундаа манай чадварлаг Инженер техникийн ажилчдын минь хичээл зүтгэл болов уу гэж бодож байна. Бид энэ том төслүүдийг хэрэгжүүлснээр уул уурхайн эрдэс баялгийн сандаа Монгол инженерүүдийн шинэлэг санааг тодоор тусгаж чадсан гэж бодож байна.

-Эрдэс Баялгийн Зөвлөлийн зүгээс хувийн компаниудад үйл ажиллагаагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх талаар хэр анхаарч ажилладаг вэ?

-Эрдэс Баялгийн Зөвлөл шинэчлэгдсэнээр төслийн компаниудын хүрээнд нилээд оновчтой ажлууд хийгдээд байгаа. Уул уурхайн төсөл боловсруулагч  байгууллагуудын чанар чансаа,  үнэлгээг тогтоогоод зогсохгүй Монгол инженерүүдийг мэргэжлийн өндөр түвшинд төслийг боловсруулах тал дээр шат дараалсан арга хэмжээ авч байгаад туйлын таатай байна.

-Үйл ажиллагаа, үндсэн зорилгоо бидэнд ний нуугүй дэлгэж, уул уурхайн салбарын асуудлыг чөлөөтэй хөндсөн танд баярлалаа.

 


 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
za (202.9.46.52) 2014 оны 04 сарын 28

mundag l bna sh de ingeed bwal mongolchuud yu gej gadaad ezluuleh we de amjilt zaluu mini

0  |  0
mongol(112.72.9.182) 2014 оны 04 сарын 27

mundag zaluuchuud bna amjilt husye

0  |  0
үндэсэрхэг(202.70.41.190) 2014 оны 04 сарын 21

Гадныхныг шүтэж байхаар монголчуудынхаа оюуны бядыг ингээд шавхаж байвал аятай юудаа. Монголчууд чаднаа чадышт

0  |  0
Top