"Монгол Улсын зэсийн экспорт өнгөрсөн сард 53 хувиар өсчээ. Ийнхүү өсөхөд Англо-Австралийн "Рио тинто" группийн Оюутогой уурхайн зэсийн үйлдвэрлэл нөлөөлсөн байна." хэмээн "Ройтерс" мэдээлэв. Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн сарын тайлан мэдээнд дурдсанаар зэсийн экспорт нь Монгол Улсын нийт экспортын 35 хувийг бүрдүүлснийг тэд онцолсон байв. Өнгөрсөн сард экспортолсон зэсийн нийт үнийн дүн нь 349 сая ам.доллар болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 67 хувиар өссөн дүн байлаа. Харин Монголын нүүрсний экспорт өнгөрсөн сард 8,4 хувиар нэмэгдсэн ч нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж байгаа юм. Хятадын эрэлттэй холбоотойгоор зэсийн баяжмалын экспорт өссөөр байгаа аж.
"Баяжмалын экспорт үргэлжлэн өсөхөөр байна. Мөн бүтээгдэхүүний гаралт ч ялгаагүй" хэмээн "Оюутолгой" төслийн 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл ресурсез" компани мэдэгджээ. Түүнчлэн Монгол Улсын алтны экспорт ч ихээхэн өссөн байна. Учир нь Монгол Улсын парламент алтнаас авах татварыг 2,5 хувь болгон бууруулсан юм. Өдгөө Монгол УЛс алтнаас авах татварын орлогоо өсгөж, алтны нөөцөө өсгөснөөр төгрөгийн ханшийг тогтвортой барихаар чармайж байгаа билээ.
Харин Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд өнгөрсөн сард Хятад улс 56 хувийн оролцоотой байсан бол ОХУ-ын хувьд энэ үзүүлэлт 16 хувьтай байна. Өнгөрсөн сард Хятадтай хийсэн худалдаа есөн хувиар өссөн бол, ОХУ-тай хийсэн худалдааны эргэлт хоёр хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )