Эрх баригчид “Чалко”-гийн өрийг нүүрсээ нийлүүлж ирэх зургаадугаар сард дуусгана гэж байсан ч яг одоогийн байдлаар үүнд хариулт өгөх хүн олдохгүй байгаа аж. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь энэ талаар “Манайд үлдэгдэл 130 сая ам.долларын өрийг дарах үүрс бэлэн бий. Гэтэл “Чалко “компани агуулах дүүрэн байгаа. Тиймээс зургаадугаар сард өр тэглэх асуудал сунжирч мэднэ. Дэлхийн зах зээлд ч нүүрсний үнэ буурч байна” гэсэн.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2011 онд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко”-той гэрээ байгуулсан. Тухайн үед нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдах гэрээний үнэ тогтжээ. Гэрээ ёсоор бол 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Монгол Улс авсан бол одоо өрийн үлдэгдэл 130 сая ам.доллар байна.
Мөн сүүлийн үед Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээр, гэрээ байгуулсны дараа дэлхийн зах зээл өнгөрсөн жил эрс муудсаны улмаас БНХАУ үнээ доошлуулах санал гаргасан байна. Энэ тохиолдолд манай улс тонн тутмаас 10 ам.долларын алдагдал хүлээх байсан учраас экспортоо зогсоосон аж.
Хэрэв хуучин гэрээгээр хэвээр байсан бол дээр хэлсэнчлэн тонн тутмаар 10 ам.доллар, энэ хугацаанд нийт 17 тэрбум төгрөгийн алдагдалыг Монгол Улс хүлээх байсан гэнэ. Үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд ЭТТ компанийнхаа бүтцэд өөрчлөлт оруулж, Цагаан хадны шилжүүлэн ачих хэсгийг өөрчилж, гүний гаалиар буюу шууд уурхайн аман дээрээс гаалийн бүрдүүлэлт хийн тээвэрлэхийг шийдсэнээс гадна “Чалко” компани зохих хэмжээгээр уян хатан хандсан гэх тайлбарыг УУЯ-наас өгсөн юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )