1000 хүрэхгүй оюутантай дээд сургуулиудыг яах вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 20

Дээд боловсролын чанарын асуудал Монголын нийгэмд хурцаар тавигдсан хэвээр байна. Хавар, намрын элсэлтийн үеэр энэ асуудал идэвхжих боловч тэгэсгээд намждаг уламжлал тогтов.

 

Нэг хүнд ноогдох их дээд сургуулийн тоогоороо дэлхийд толгой цохиж яваа “супер” үзүүлэлт нь Монголын дээд боловсролын чанарыг доош татаад байгааг эрдэмтэд, судлаачид нотолсоор байгаа. Гэвч болсон болоогүй дээд сургуулиуд амь бөхтэй оршиж, оюутнууд нь хохирсоор байна.

 

Өнөөдрийн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиудын суралцагчдын нэгдсэн мэдээллээс харахад Монгол улсын хэмжээнд 111 их дээд сургуульд 173 мянган оюутан  суралцаж байгаагаас 83% нь томоохон 25 сургуульд, үлдсэн 17% нь 86 сургуульд тархан суралцдаг аж. 

 

Нэр бүхий 86 сургуулиудад 1000-аас доош оюутан суралцдаг байх юм. Үүнд улсын болон хувийн их дээд сургуулиуд аль, аль нь хамаарна. Зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хамгийн чанартай сургалт явуулж байгаа, санхүүгийн хувьд бэхжсэн, багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан сургуульд эцэг эхчүүд итгэж хүүхдээ өгөх нь зүйн хэрэг. Харин оюутны тоо нь сургуулийн санхүүжилтыг шийддэг учраас жилээс жилд суралцагчид нь цөөрч байгаа сургуулиудын хувьд ирээдүй нь бүрхэг болж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Амь тээн үлдэхийн төлөө зарим сургуулиуд хөдөө орон нутгаар явж мэдээлэл хомс, их дээд сургуулиудын талаар ямар ч судалгаагүй иргэдийг гял цал брошур, гоё үгээр хуурч сургуульдаа элсүүлэх нэрийдлээр бичиг баримтыг нь хураан авах үзэгдэл гарах болжээ.

 

Хотод ирээд элссэн сургуульдаа очтол түрээсийн байр, эвдэрхий ширээ сандал угтаж байгаа тухай гомдол хаа сайгүй гарч байна. Эдгээр сургуулиудын удирдлагууд сургуулиа солих хүсэлт тавьсан хүүхдийн бичиг баримтыг нь өгөхгүй байх, урьдчилгаа төлбөрийг олгохгүй байх зэргээр эрхийг нь зөрчдөг аж. Эсвэл ямар ч оноогүй байсан ч элсүүлдэг сургууль ч цөөнгүй байна. Цөөн оюутантай их дээд сургуулиудын асуудлыг нэн даруй шийдэхгүй бол мэргэжил ч үгүй, диплом ч үгүй нийгмийн бүхэл бүтэн нэг үеийг бид төрүүлж байна.

 

Хэдхэн жилийн өмнө 280-д хүрч байсан их дээд сургуулиуд 111 болж буурсан нь сайн хэрэг. Гэхдээ тэдний дотор хүүхдүүдийн эрхийг зөрчсөн, дампуурахад бэлэн сургууль олон байгааг дээр дооргүй ярьж байгаа ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. 8-15 жилийн өмнө зарим дээд сургуулийг дүүргэсэн бакалаврын зэрэгтэй иргэд өнөөдөр дээд боловсролтой гэж хэлэхэд хэцүүхэн болчихлоо. “Чи ямар сургууль төгссөн бэ” гэхээр “Манай сургууль дампуурчихсан” гэж хариулж байна. Ийм хүн хэд байгааг та мэдэх үү? Тэдний дипломыг хүчинтэй гэдгийг хэн батлах вэ? Өнгөрсөн жилүүдэд дампуурч, хаалгаа барьсан 170 орчим сургуулийн бүх төгсөгчид ийм байдалд орчихоод байна. Гэтэл энэ үйл явцыг өнөөдрийг зарим дээд сургуулиуд яг хуулсан мэт давтаж яваа нь хамгийн том аюул. 12 оюутантай сургууль байна гээд та бод л доо. Арай л дэндэж байгаа хэрэг биш үү.

 

Ер нь оюутны тоо нь 1000-аас доош орсон л бол хооронд нь нэгтгэх, санхүүгийн үйл ажиллагааг нь хянах, томоохон сургуулиудын салбар болгож бие даасан статусыг нь цуцлах зэргээр цэгцлэх шаардлага тулгарчээ. Сургууль бол хэн нэгний амьдрах арга хэрэгсэл байж таарахгүй. Сургууль бүрийн цаана олон арван хүүхдийн нэг насны хувь заяа, тэдний үр хойчийн хувь заяа явдгийг анхаарах нь чухал. Тиймээс төрийн хатуу гараар энэ асуудлыг нэг мөр шийдэж, төгсөгчдийн хувь заяаг тодорхой болгох хэрэгтэй байна.

                Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(103.26.193.11) 2014 оны 08 сарын 20

1000 хүрэхгүй оюутантай сургууль чинь харин сайн байхгүй юу?. Олон оюутаньтай улсын сургуулиудын чанар асар муудаж байна, учир нь мөнгийг гь багш нар нь биш дарга нгар нь мэддэг..

0  |  0
zocin(83.21.126.247) 2014 оны 08 сарын 20

dynd syrgyyli tygsegczdiig szalgaltiig iluu czanga awaad yneheer sain syrlagatan oroh ih deed syrgyyliin bosgo czig onoog togtooh,hybiin deed syrgyylid oroh onoo dytsan tiim uls szyyd teknikum tms dee oryyldag baih heregtei,czanargyi ulsiin syrgyyliud cz czanargyi hubiinh byr yariltgyi,bolobcroliin yam ui hiiz syydag um boloo,yamarcz hyanaltgyi zawaarsan sestimiig golidrold oruulah talaar azillah heregtei,hen dyrtaini zalhuuraad syrahgyi syydagiig boliulaad hen hydelmerlej syrdag oiutnyydiig tygsgemeer baina

0  |  0
Top