“Аврал”-ын Засгийн газрын анхны алхмууд юу байх вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Нэгэнтээ Ерөнхий сайдад нэр дэвшээд байхдаа Р.Амаржаргал гишүүн шинээр байгуулагдах Засаг нь “Авралын засгийн газар” байх болно хэмээн тодотгосон. Гэвч Р.Амаржаргалыг Ч.Сайханбилэгээр солилоо гээд энэ тодорхойлолт ач холбогдлоо алдахгүй. Учир нь элэг дөрвөөрөө мөлхөж байгаа эдийн засгаа өндийлгөх нь өнөөгийн хувьд хоолойд тулсан асуудал. Ч.Сайханбилэг намынхаа ҮЗХ-ны хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшиж дэмжигдсэний маргааш хийлгэсэн хэвлэлийн хурал дээр эдийн засгаа сэргээх нь эхний алхам байх болно гэдгээ илэрхийлсэн. Гэвч хэлэх нэг хэрэг, хийх нь бүр ч өөр. Хэрхэн яаж гэдэгт л асуудлын гол буй.

Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн Засгийн газарт нэр нөлөө, эрх мэдэлтэй нэгэн байсан. Тийм болохоор өнөөгийн алдаа онооны аль алинаас тэр хуваалцах учиртай хүн. Энэ өнцгөөс нь анзаарвал Ч.Сайханбилэгийг дэвшүүлээд байгаа нь  үнэхээр нэмэгдэхүүний байрыг сольсноос нэг их өөрцгүй мэт. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр Засгийн залгамж чанарын тухай акценттай ярьж байна билээ. Н.Алтанхуягийн авч хэрэгжүүлж байсан бодлогыг цааш хэвээр үргэлжлүүлнэ  гэсэнтэй утга нэг илэрхийлэл ч юм шиг.  Ерөнхий сайдаар яг таг сонгогдчихоогүй  болохоор тэр хөзрөө бүрэн дэлгэхгүй байгаа нь  тодорхой. Гэхдээ л Ч.Сайханбилэгийн хувьд  урьдын үргэлжлэл байх магадлал өндөр. Энэ бол асуудлын нэг тал.

Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн Засгийн газарт нэр нөлөө, эрх мэдэлтэй нэгэн байсан. Тийм болохоор өнөөгийн алдаа онооны аль алинаас тэр хуваалцах учиртай хүн.

Хэрэв шинэ Засгийг нөгөө талаас нь харвал асуудал бас өөрөөр эргэнэ. Юу гэвэл АН дангаараа Засаг байгуулахад бие нь жижигдээд байгаа. Одоо МАН-д хадаг барьж  “бэр” гуйх  дээрээ тулаад байна. Эвтэйхэн хэлбэл эв нэгдлийн засгийн газар, эвгүйхэн тодорхойлолтоор бол МАНАН-тана гэсэн үг. Хэрэв МАНАН үүсгэх дээрээ тулбал бүр ч өтгөн манантах янзтай. Учир нь энэ засагт МАН-аас гадна МАХН, МҮАН гэхчлэн олон намын цөм үүснэ.  Хэрэв ийм янзаар хамтарсан Засгийн газар байгуулбал  улс төрийн хүчнүүд эв эе, санаа бодол, хүч чармайлтаа нэгтгэх давуу талтай. Энэ тохиолдолд  Засгийн газрын ар талд парламентын дэмжлэг арай шуурхай, төвөг чирэгдэл багасах нигур бас буй. Ингэснээр Засгийн ажлыг улс төржилтөөс холдуулж  урагшлуулах боломж ирнэ. Мөн мэргэжлийн Засгийн газар  гэдэг ухагдахуунд  дөхүүлэх талаас нь  анхаарч таарах байх.

Эвтэйхэн хэлбэл эв нэгдлийн засгийн газар, эвгүйхэн тодорхойлолтоор бол МАНАН-тана гэсэн үг. Хэрэв МАНАН үүсгэх дээрээ тулбал бүр ч өтгөн манантах янзтай.

“Аврал”-ын Засгийн газрын анхны алхам эдийн засгийн уналтыг сааруулахад  чиглэгдэх нь тов тодорхой ч өргөс авчихсан юм шиг гэнэтийн үр дүнг энэ Засгаас хүлээх боломжгүй. Цаг хугацаа хэрэгтэй. Байгаа боломжиндоо, бусдаас хамаарахгүйгээр хийж хэрэгжүүлэх эхний алхмууд бол төсвөө дахин тодотгох, дахин танах явдал. Ерөнхийдөө бол төр, засгийн байгууллагууд эхэлж бүсээ чангалах.  Гадаадын хөрөнгө оруулалт бараг зогссон, орж ирсэн нэг нь “Монгол баяртай Мозамбик явлаа” гээд  нүүр буруулж байгаа ийм үед үндэсний компаниудаа дэмжиж, чадавхжуулах гэхчлэн дотоод нөөц бололцоогоо хөдөлгөөнд оруулж, идэвхийг сэргээхэп анхаарч ажиллах болов уу.

Шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлээд байсан төрийн өмчийн зарим аж ахуйн нэгжийн хувьчлал, Оюутолгойн далд уурхай мэтийн хүлээлттэй олон ажил үлдсэн. Байнгын алдагдалтай ажилладаг, шахааны бизнесийн сав суулга болсон төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хувьчлалаар төсөвтөө чамгүй хөрөнгө оруулалт хийх боломж бий. Төсвийн орлогоо яаж бүрдүүлэх, инфляцийг сааруулах гэхчлэн олон ажил тэднийг хүлээж байна.

Нэг үгээр шинээр байгуулагдах Засгийн газарт албан тушаалын амт шимтээс илүүтэй  эх орны эдийн засгийг сэргээж тэнхрүүлэх хүндхэн ачаа хүлээж байгаа.  Хэрэв АН засгаа өмнөх янзаар байгууллаа гэхэд 2016 оны сонгуулийнх нь хувь заяаг шийдэх, Эвлэрлийн Засгийн газар байгуулбал монголчууд хамтарвал юу чаддагийг харуулах ийм л боломж тэдний гарт эхэлж тэмтрэгдэх учиртай.

    П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top