УИХ хэдий болтол Тамхины хяналтын хуулийг тойрон эргэлдэх вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаантай. Энэ хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнгөрсөн зургадугаар сард  энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл санаачилж өргөн барьсан. Энэ өөрчлөлтөөр бол утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах ёстой гэж үзэж байгаагаа эрхэм гишүүн илэрхийлсэн. Үүнээс долоо хоногийн дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү   бас дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл санаачилж, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөхөөр Эрдэнэбатын араас улаа нэхсэн удаатай.  Энэ хоёр төсөл өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  ямартай ч яригдахаар болж байгаа аж.

Монголчууд 2005 онд анх Тамхины хяналтын тухай хуультай болж байсан. Энэ хуулийг Л.Эрдэнэчимэг гишүүний санаачлагаар шинэчлэн найруулж 2012 оны аравдугаар сард баталсан билээ. Хууль өнгөрсөн оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн санагдана. Гэтэл хэрэгжиж эхлээд сар ч болоогүй шахам байхад л тамхины далд наймаа бий болсон, чанаргүй тамхи импортолж нууцаар зарагдаж байна гэхчилэн тооцоогүй сөрөг талууд мэдрэгдэж эхэлсэн гэх юм билээ. Ийн магтсан хүүхэн хуримандаа гэдэг шиг баталсан хуулиа ганцхан сарын дараа дахин өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэж байсан юм даг. Энэ төслөөр, тухайлбал сургууль цэцэрлэгийн орчноос 500 м зайд тамхи татах заалтыг 500 алхам болгох гэхчилэн өөрчлөлт оруулахаар төлөвлөж байжээ. Гэвч ийм өөрчлөлтийг хуулийг эх барьж авсан  Л.Эрдэнэчимэг гишүүн эсэргүүцсэн.  Сургуулийн багш хүн тамхи татахын тулд алхаагаа тоолоод явж байна гэдэг яаж ч бодсон амьдралаас арай л хол төсөөлөл дөө.  

Монголд хэрэгждэггүй олон хууль бий. Тэдний хамгийн ил тод жишээ гэвэл энэ Тамхины хяналтын тухай хууль.  Өөрөөр Монголын хууль гурав хоног гэдгийн бүрэн дүүрэн  илэрхийлэл гэж тодотгосон ч болмоор. Хууль хэрэгжиж эхэлсний дараа нэг хэсэгтээ гудамжинд тамхи татаж байгаа хүн харагдахаа больсон. Гэвч төд удалгүй хуучин байдалдаа орсон юм даг.  Нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татахыг хориглосон цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт буй. Гэтэл зорчигч нараа тамхины утаагаар утаж яваа нийтийн тээврийн автобусны жолооч нар захаас аван харагддаг.  Ихэнх албан газар руу ороход тамхины утаа хамгийн түрүүнд мэдрэгдэх жишээний. Харин ганцхан газар энэ хууль маш сайн хэрэгжиж байгаа. Тэр нь баар, ресторан. Бусад газар энэ хуулийн хэрэгжилт огт алга.

Одоо тэгээд энэ мэт  хэрэгждэггүй хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж байгаа бололтой. Сүүлийн нэг жилийн турш хууль тогтоочид маань энэ хуулийг л тойрон эргэлдлээ. Өөр санаачлах хууль, хэлэлцэх асуудалгүй юм шиг.

Цаг эргэж цасны түрүүч иржээ. Эдийн засаг уруудаж, иргэд бүсээ чангалж ирж буй өвлийг давах хүндхэн цаг үеийн өмнө дагжиж байна. Харамсалтай нь энэ цаг үед Монгол маань байхгүйгээр дүүрэн байна. Ерөнхий сайд ч үгүй, Засгийн газар ч үгүй. Ерөнхий сайдынхаа асуудлыг яаравчлахын оронд Тамхины хуулийг өөрчлөхөөр чухалчилж байгааг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуултын жагсаалтаас анзаарлаа.  Манай хууль тогтоочдын асуудлын ач холбогдол, дараалал, логик үнэлэмж нь энэ болж байх шиг.  Ямар хэлэлцэх асуудал мундсан биш дээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2014 оны 11 сарын 21

Нөгөө гэр бүлийн хүчирхийлэлийн хууль юу болсон бэ Худлаа баахан ярьж ярьж юу болоод байгаа нь мэдэгдэхгүй таг болдог л болж дээ Ажлаа гүйцээж хийнэ гэж байдаг юм уу Худлаа хариуцлага ярина Энэ УИХ-н тэнэгүүдийг яах вэ

0  |  0
Top