Хамтарсаныхаа хариуг харуулах цаг ирэх нь дээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 30

Хугацаа хойшлогдон байж хуралдсан МАН-ын Бага хурал  өчигдөр орой Ч.Сайханбилэгийн Засгийн газартай хамтрах шийдвэр гаргалаа.  Ингэснээр МАНАН жинхэнэ утгаараа үүсч байгаа төдийгүй МАХН, МҮАН, ИЗННН мөн Засагт хамтарч байгаа болохоор 2008-2012 оны үеийнхийг бодвол олон намын  цөм бүхий Засгийн газар байгуулагдаж байна. Үүнийг иргэд “Өтгөн МАНАН”, “73-ын бүдүүн бүлэг” гэхчлэн нэрлэж байгаа.

МАН-ын бага хурал 310 гишүүнтэй. Өчигдөрийн бага хурал 70 орчим хувийн ирцтэйгээр хуралдсан.  Өөрөөр хэлбэл 200 гаруй гишүүд санал хураалтад оролцсон бөгөөд тэдгээрийн олонхи нь Засагт хамтрахыг дэмжсэн гэх мэдээлэл байна.  Ерөнхий сайдын зүгээс ч энэ Бага хуралд ихээхэн итгэл найдвар тавьж илгээлт хүртэл ирүүлжээ.  МАН хамтрах шийдвэр гаргаснаараа Ч.Сайханбилэгийн танхим бүрэлдэхэд саадгүй болж ирэх долоо хоногт Засгийн газрын өнгө будаг нь тодорч харагдах бололтой. 

2012 оны сонгуулийн ялалтын марш эгшиглэж байх тэр үеэр МАН-ынхан  шиг хэрэггүй хүмүүс олонхид  байгаагүй.  УИХ-д хүртэл бүлэггүй нэг хэсэг л таваргасан. Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд  Ардчилсан намынхан Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “Хавтгайдаа ялж” байх үед ч тэд МАН-ыг  мөн л тохуурхангуй харж байсан даа. Гэвч цаг цагаараа байдаггүй аж. Одоо тэдэнд МАН шиг хэрэгтэй  юм алга. Хадаг барьж инж амалж, хоног тоолон хүлээж баймаажин хаалгаараа оруулж байгаа нь энэ.  

За энэ ч яахав. Ер нь бол эвдрэлцэж явснаас эвсэж хамтрах нь яав ч дээр. Одоо Ч.Сайханбилэгийн хэлээд байгаа халгаж хулгадаг асуудлаа хамтарч ярилцах шийдвэрлэх боломж бүрдэнэ.  Түрүүчээс нь санал онолоо нэгтгээд яваа сурагтай. Тухайлбал, сонгуулийн дүнг машинаар тоолсны дараа гараар дахин тоолж байх, өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэдэг дээр урьдчилсан байдлаар санал нэгдсэн сурагтай.  Намууд хамтарлаа гээд эдийн засгийн хямрал өргөс авчихсан юм шиг алга болчихгүй. Одоо дараачийн сонгууль хүртэл ердөө л 1.6 жил үлдэж байна. Энэ хугацаанд бүхнийг илбэн тохинуулна гэвэл Мянгуужингийн үлгэр болно. Тэгээд ч одоо сандал ширээ хуваарилах гэсээр байтал 2015 он гарна.

Гэхдээ хамтарсаны хариуд  юу өөрчлөгдөхөв гэдэг л асуудал. Юуны өмнө улс төрийн хэд хэдэн шийдэлд хүрэх учиртай байх. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль.  МАН-ын хувьд  сонгуулийг, хуучин системээр нь  буюу 76 тойргоор явуулна гэж байгаа бол АН-ын хувьд нэр дэвшигчдийн тэн хагасыг намын нэрийн жагсаалтаар оруулна гэсэн зөрүү саналтай байгаа.  Олон жил яригдаж байгаа ч өнөө хэр шийдэлд хүрээгүй нэг  тээг бол Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх эсэх асуудал. Тухайлбал,  энд Засаглалын хуваарилалт,  төгөлдөршлийн том шийдэл хүлээж буй. Хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентийн засаглал,  хоёр танхимтай парламент гэхчлэн яригддаг.  Төрийн тогтолцооны энэ өөрчлөлтүүд зөвхөн Үндсэн хуульд “гар хүрсэн”-ээр л шийдвэрлэгдэх учиртай.  

Эдийн засгийн салбарын тухайд гэвэл Оюутолгой, Тавантолгойн төслийг урагшлуулах,  шинээр стратегийн орд газрыг ашиглалтад оруулах, мөнөөх  аж үйлдвэрийн паркууд, тавдугаар цахилгаан станц гэхчлэн урт настай удаан жаргалтай төслүүдээ  цаасан дээрээс гаргаж газар дээр нь буулгах нь хамтарсан Засгийн нэр хүндийн хэрэг болох ёстой. Хамтрах гэснээрээ хамтарлаа. Одоо харин үүнийхээ үр шимийг л  ард түмэндээ харуулах цаг ирлээ дээ. 

П.Булган

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.116) 2014 оны 12 сарын 01

Al ni ch yalgagui de

0  |  0
zochin(27.123.214.116) 2014 оны 12 сарын 01

Al ni ch yalgagui de

0  |  0
зочин(202.179.23.33) 2014 оны 12 сарын 01

АН ганцаараа төр барьж чадахгүй юм чинь хамтрах нь зөв, одоо харин шударга сайн ажиллах хэрэгтэй, нэг зүйл сайн ойлголоо, дахиж АН-ыг сонгож улс орноо баллаад байх хэрэггүй юм байна. 16 онд

0  |  0
Adrian huu(1.84.108.195) 2014 оны 11 сарын 30

Hyanaltgui tur, ulsgulun ard........... Ok sain baina. Ta nar hagartlaa bayajij, bugsuu zadartal ideerei. Amjilt husie

0  |  0
mendee(202.126.89.176) 2014 оны 11 сарын 30

hamtrah ni zuv. Uur garts baihgui

0  |  0
soko(150.129.141.127) 2014 оны 11 сарын 30

saihanbilegig huleen zovshuuruhgui gd tomorood bsn yaasan be kkk saidin suudal haragdaad chichirchlee l de

0  |  0
Top