Уул уурхайн салбарт нэгэн сайн мэдээ байна. Өнгөрөгч арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор экспортонд гарсан нүүрсний хэмжээ өмнөх сараасаа эрс нэмэгджээ. Тодруулбал, энэ оны аравдугаар сард Шивээхүрэнгийн боомтоор 10812 машин буюу 531.7 мянган тонн нүүрс гарчээ. Харин арваннэгдүгээр сард 20699 машин буюу 927 мянган тонн нүүрс экспортолж, бараг хоёр дахин өссөн байна. Үндсэндээ нэг сая шахам тонн нүүрс гэсэн үг. Нүүрсний экспортын урсгалын гол хаалга гэгддэг Гашуунсухайтын боомтоор аравдугаар сард 827 мянган тонн нүүрс экспортод гарсан бол дараа сард нь нэг сая 119 мянган тонн нүүрс урд хөршийг зорьжээ. Энэ нь өмнөх сараасаа 26 хувиар өссөн дүн юм.
Эдийн засаг хямарч эхэлснээс хойш нүүрсний экспорт ганцхан сарын дотор огцом нэмэгдсэн нь цаашдын эерэг хандлагын эхлэл байгаасай хэмээн уул уурхайн салбарынхан харж байна. Дашрамд сануулахад манай улсын экспортын орлогын 90 шахам хувийг уул уурхайгаас ордог бөгөөд нүүрсний экспорт тэргүүлдэг.
П.Булган
Сэтгэгдэл ( 1 )
Аргагуй шдээ 1тонн нь 25 $-р гаргаж бгаа юм чинь Хятадууд бараг зугээр орж бгаа хар алтыг юу авахгуй гэх вэ дээ АВААД БАЙДАГ ГАЗАРАА гэж бгаа биз