Сандал ширээний асуудлын сиймхийгээр УИХ 2014, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр тодорхой болж байгаа нэг нүцгэн үнэн гэвэл 2014 оны улсын төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр тасарчихсан байгаа юм байна. Уг нь тийм их дааж давшгүй орлого төсөвлөсөн бус. Өнгөрсөн жилийн өдийд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4.6 их наяд төгрөг хэмээн тогтож байсан санагдана.
Төсөв хүндэрснийг нотлох гэсэн шиг Хан-Уул дүүргийн эмнэлгийн ажилчид ажил хаялт зарлахаа өчигдөр мэдэгдлээ. Тэд өнгөрсөн есдүгээр сараас олгох ёстой байсан цалингийнхаа нэмэгдлийг одоо болтол авч чадахгүй байгаа гэнэ. Харин эмнэлгийн удирдлагын зүгээс төсөв хүрэлцэхгүй байна гэсэн тайлбар хийж байгаа гэнэ. Үнэхээр тийм л зовлон байгаа, энэ бол тодорхой. Ганц энэ эмнэлэг бус төсвийн байгууллагын үнэн төрх ихэнхдээ ийм байгаа. Ер нь бол өгч чадахгүй бол амалсны хэрэггүй л дээ.
Энэ бүхэнтэй зэрэгцэн эрхэм гишүүд “Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийх”-ийг сануулж эхэллээ. Гишүүн З.Баянсэлэнгэ “Байхгүй мөнгийг төлөвлөөд, дахиад байхгүй мөнгийг бий болгох тухай яриад байна” гэсэн нь үнэн үг. Төсөв хийгээд түүний эргэн тойронд өрнөж байгаа дүр зургийг харахад харганын ноос түүж эсгий хийхийн үлгэрээс ялгарах юмаар бага. “Хурган дотортой ногоон торгон дээлтэй болмоор байна. Даанч дотор ч байхгүй, торго ч байхгүй” гэдгийг л санагдуулаад байна. Чуулганы хуралдаан дээр гишүүн С.Дэмбэрэл төсөв баталж буй үйл явцыг “Эдийн засгийн романтик сэтгэлгээн дээр суурилсан популизм” хэмээн тодорхойллоо. Үнэхээр мөн чанар нь энэ. Хэтэрхий өөдрөг төсөөлөл дээр суурилаад ирэхээр л төсөв хөөсөрдөг. 2014 оны төсвийг батлах үед ам.доллар 1750 хүрчихээд байхад валютын ханшийг 1348 төгрөгөөр тооцож суулгаж байсныг санаж байгаа байх.
Одоогийн гүйцэтгэлээр улсын төсөв 1,1 их наяд төгрөгөөр тасарчихаад байгаа. Он дуусахад 20 хүрэхгүй хоног үлдэж байна. Гэтэл энэ тасарсан орлогыг үлдэж буй хугацаанд оруулна хэмээн “Шийдэл”-ийн Засгийн газар анхныхаа үлгэрийг ярив. Бодит боломж, хэр чинээнээсээ ингэж л хадуурдаг гэмтэй улс. Улсын төсөв эцэстээ улстөрчдийн популизм хийх ая данг нь хөглөдөг болчихсон юм шиг байна.
Төсөв бүрдэхгүй байна гэнэ. Нүүрс үнэгүйдсэн, гадаадын хөрөнгө оруулалт саарсан. Монголын эдийн засаг уул уурхайгаасаа хамааралтай. Төсвийн ачааллыг хэрэг дээрээ үндэсний үйлдвэрлэгчид маань үүрч явна. Гэвч тэднийгээ Монголын төр шахаж шавдуулж, арайтай л буу тулгахаас наахнуур аяглаж, цаг хугацааны хатуу зааг босго тогтоодог. Угаасаа өгөх нь үнэн, авах нь тодорхойгоос хойш тэдэнд ингэж хатуурхах хэрэг юун. Хүнийх нь “баастай бурхан”-ы байр сууринд залагдаж байгааг Оюутолгойн 130 сая ам.долларын татварын 100 саяыг чөлөөлсөн явдал гэрчилнэ. Төсвийн тодотгол хэлэлцсэн хуралдаан дээр гишүүн Г.Уянга “Хэрвээ бид Оюутолгойн 700 мянган тонн зэсийн 34 хувийг өөрсдөө борлуулбал 3 их наяд төгрөг болно” гэж хэлнэ билээ. Тэр тасарчихаад байгаа 1.0 их наядаас чинь гурав дахин их мөнгө шүү дээ.
Авч чадахгүй, авахаа ингэж чөлөөлдөг, эсвэл өгснөөс нь татварын байцаагчид нь өөрсдийгөө хэдэн тэрбумаар урамшуулдаг ийм л өнгө будаг яваад байна даа. Араас нь эдийн засгийн романтик сэтгэлгээ хөвөрнө. Эдийн засаг бол хамгийн бодитой байх ёстой зүйл. Харин хэдийд хэрхэн бодит хөрсөн дээр нь буулгах вэ, эрхэм гишүү дээ.
П.Булган
Сэтгэгдэл ( 2 )
Популист амлалтын суурь хөрс нь энэ эдийн засгийн романтик сэтгэлгээ
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮