Шинэ Засгийн газартай болсон, хамгийн анхны эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн аваргатай болсон гээд олон амжилтаар дүүрэн нэгэн оныг монголчууд үдэж байна. Сайнтай, муутай өнгөрч буй 2014 оны олон содон өнгийг тодорхойлох онцлох гэрэл зургуудыг хүргэе.
Морин жилийн эхний өдөр улс төрийн замнал, нуруу туруугаараа дүйцэх төрийн гурван өндөрлөг. Төрийн гурван өндөрлөгийг тавагны идээтэй харьцуулсан энэ зураг он-лайн орчинд "од" болсон. Харин одоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг солигдсон тул могой жилийн ийм зураг арай өөр харагдах биз ээ.
Томчууд төрийн гурван өндөрлөгийг егөөдөн завгүй байх зуур ээж, аавдаа буузны гурил "бэлдэж" өгч буй хүү. Фэйсбүүкээр "од" болсон энэ зургийг гурилын рекламд ашиглавал ч...
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Хаан жимс" амралтын газар бохироо Туул гол руу хийдгийг нотолсон, шуугиан тарьсан зураг.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Солонгосоос түр хугацаанд эх орондоо эргэж ирсэн нь бас нэгэн сенсаци байв. Тэр бусдын анхаарлыг татсан хэвээр.
Нэгэн үе зүү орох зайгүй байсан "Шинэ үе" продакшны бүсгүйчүүд. 7 жилийн ял авах шахсан Ц.Алдармаа батлан даалтаар гараад байна. Бие нь их хэмжээний сорвитой үлдсэн Д.Оюунтуул яг энэ зураг дээрх шигээ гомдол тээсээр.
Чөлөөт бөхийн шинэхэн аварга, 19 настай С.Цэрэнчимэдийн гэр бүл. Ийм эгэлхэн амьдралаас дэлхийн аварга төрсөн юм. Аваргын төлөөх барилдаанд ээж нь залбирч, эгч нь захыг нь мушгиж байлаа.
Л.Эрдэнэчимэг гишүүний ээлжит "твиттер" сенсаци. "Бенз" Чимгээ хоч авсан гишүүнийг төрийн ордонд богино банзалтай суулаа гэж ихээхэн шүүмжлэв.
"Дан дээл"-ийг эсэргүүцэгч Б.Бурмаа гишүүний сайд болсны дараах "анхны үнсэлт".
Ерөнхий сайдаас огцорч буй мэдээг сонсох тэр агшин. Хамгийн "өр өвтгөм зураг" нэртэй.
"Дэлхийн мисс"-ийн тайзан дээр содон харагдах монгол бүсгүй Т.Батцэцэг. Түүний энэ зургийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нүүрийг Б.Обама тагласан шиг АНУ-ын миссийг "обамадсан" гэж "хөөрхөн" магтаад авав.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )