2014 оны дуулиан тарьсан гэмт хэргүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Шинэ засгийн газар, шинэ дүр төрхөөр монголчууд шинэ оноо угтаж байна. Сайн муу хослон байдаг жил жилийн өнгө төрх энэ жил хэрхэн өнгөрсөн тухай манай сайт хүргэж байгаа. Тэгвэл энэ удаа хэн нэгний болоод өөрийнхөө амьдралд хар толбо үлдээж, шуугиан тарьсан гэмт хэргүүдийг та бүхэнд хүргэж байна

1.    Х.Тэмүүжингийн нялх амраг Г.Сарангэрэлийн хар тамхины хэрэг


Насанд хүрээгүй хүүхдүүдтэй нийлж, хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шүүгдсэн Г.Сарангэрэл гэх охин нэг хэсэг олны чихийг “дэлдийлгээд” авсан. Тэрээр хууль зүйн сайдтай холбоо тогтоож, ганц хоёр удаа л уулзсан гэж мэдээллээд байсан бол Х.Тэмүүжин ямар ч холбоо байхгүй гэдэг хариултыг өгч байсан юм. Иргэдийн дунд хэнийх нь үнэн зөв болохыг мэдэлгүй энэ хэрэг намжсан. Ямартаа ч шүүхийн шийдвэр гарч Г.Сарангэрэлийг гэм буруутайд тооцож, 1.6 жилийн хорих ял оноосон билээ. Сарангэрэлтэй хамтран дээрх хэрэг үйлдсэн дөрвөн хүнд мөн 1.1-1.8 жил хорих болон тэнсэн харгалзах ял оноосон. Харин Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна хэмээгээд давж заалдана гэдгээ мэдэгдэж байсан юм.

2.    Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын амьд жүжиг


Энэ онд хамгийн ихээр дуулиан дэгдээсэн хэрэгт хошин урлагийн жүжигчин бүсгүйчүүдийн бие биерүүгээ буцлам халуун ус цацсан хэрэг зүй ёсоор орж байгаа юм. Уур бухимдлаа дарж чадалгүй, хэдхэн хоромд хийсэн алдаанаас нэг нь шоронгийн хаалга татаж, нэг нь насаараа эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэртээ хүрч чадаагүй байгаа хэдий ч жүжигчин Д.Оюунтуул түлэгдсэн хэсгийнхээ арьсыг нөхүүлхээр Солонгос улсыг зорьсон бол жүжигчин Ц.Алдармаагийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, батлан даалтаар суллагдаад байгаа юм.

3.    Өөрийн дугаараас өөрт ирсэн эзэнгүй мессеж


Өнгөрсөн 10 дугаар сарын 23-ны шөнөөс эхлэн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийг олон мянган иргэд рүү явуулж эхэлсэн талаар тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийсэн. Ихэвчлэн УИХ-ын гишүүдийн нэрийг барьж санал асуулга хэлбэрээр бичсэн тэрхүү мессеж ард иргэдийг гэхээсээ илүү УИХ-ын гишүүдийг багагүй сандралд оруулсан билээ. Тухайн үед Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зарим мессежүүд иргэдэд үргэлжлэн хүрсээр байсан юм. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү үйлдлийг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мобиком, Юнител компаниудын удирдлагуудад даалгасан. Оператор компаниуд уг мессежүүдийг гадаад улс орнуудаас явуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Монгол хэлээр бичигдсэн уг мессежүүдийн эх сурвалж нь Монгол Улсаас гарсан байх магадлалтайг хэлж байсан юм.

4.    “Монос”-ын эм зүйч нарын хариуцлагагүй байдал


“Монос" эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүргэгдээгүй "Фенобарбитал" буюу бидний нэрлэж заншснаар "Люминал" эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаанаар 16 нярай өнгөрсөн наймдугаар сард хордсон. Энэхүү хэрэг хэсэгтээ л эцэг эхчүүдийн санааг зовоогоод байсан билээ. Тодруулбал, дөрвөн хоногтойгоос гурван сар хүртэлх нярай хүүхдүүдэд эмийн тунг хэд дахин хэтрүүлэн өгснөөс хордож, Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлэхэд хүрсэн байна. Албан үүрэгтээ хайнга хандсан эмийн санчийн хэргийг шалгах явцад тархины даралттай хүүхдүүдэд өгөхөөр эмч нарын жор бичдэг "Люминал" эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй өөрөөр хэлбэл хууль бусаар  худалдаалагдаж байсан нь тогтоогдсон. Шүүхээс эмийн санч Э-г гэм бураатайд тооцон хоёр жилийн хорих ялаар шийтгэж, жирэмсэн байгааг нь харгалзаж эдлэх ялыг хоёр жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ. Харин эмийн санч Ж-д нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож, ажил эрхлэх эрхийг нь нэг жилээр хассан.

5.    Нууц гэрээний хавсралтын "хэргийн эзэн хэнгэргийн дохиур"


Энэ жил ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эх орондоо ирж, түүнийг дэмжигчдийн баярыг ихээхэн төрүүлсэн. Тэрээр ирсэн даруйдаа Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай гэрээ байгуулж, бас л олны гайхширлыг төрүүлээд амжсан. Харин яг энэ сиймхийг соргогоор ашиглан, тус гэрээний хавсралт хэмээн сошиол ертөнцөөр цацсан этгээдийг ТЕГ шалгаж илрүүлсэн. Хэргийн эзэн хэнгэргийн дохиураар МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэл тодорсон юм. Тэрээр өөрсдийн ажилчиддаа үүрэг өгч мөн өөрөө оролцож гэрээний хавсралт “гэгчийг” хуурамчаар үйлдсэн нь баримтаар нотлогдсон юм.

6.    Хүүхдээ хазаж тамалсан эцэг


Төрсөн үрээ тамлан зовоогч эцгүүдийн айдас дагуулсан мэдээ  жилийн жилд олны сэтгэлийг эмзэглүүлсээр байна. Өнгөрсөн жилийн тухайд төрсөн хүүгээ заазуурдсан эцэг олны жигшлийг хүргэж байсан бол энэ жилийн тухайд хүүгээ хазсан эцэг дуулиан дагуулсан хэргийн тоонд багтаж байна.  Тэрээр хүүхдээ хазаж, шүүхээс 3.6 жилийн ял оноосон. Шүүх бүрэлдэхүүн түүнийг насанд хүрээгүй хүүхдүүдийг байнга тарчлаан зовоож байсан, догшин авирласан хэрэгт буруутган ийнхүү ялласан юм.

7.    19-20 настай охидын толгойг тасалж нуусан хэрэг


Энэ жилийн хамгийн их дуулиан дагуулсан хэргийн тоонд 19-20 насны охидын толгой болоод бусад эд эрхтэнг нь тасдаж, булсан хэрэг зүй ёсоор орж байна. Энэ оны тавдугаар сарын зургаанд үйлдэгдсэн бөгөөд хэрэг үйлдсэн этгээдүүдийг 48 цагийн дотор барьсан юм. Хохирогч охид 1994, 1995 онд торсөн бөгөөд Өвөрхангай, Ховд аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан юм. Харин хэргийг үйлдсэн И нь 1991 онд төрсөн, Өвөрхангай аймгийн харьяат, эрхэлсэн ажилгүй, өмнө нь нэг сарын баривчлан саатуулах ялаар шийтгүүлж байсан нэгэн байжээ. Харин архи уух үед хамт байсан гэх З-г эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгаас олж, саатуулагдсан юм.

8.    Сэлэнгийн цагдаа 12 настай охины аминд хүрсэн


Өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 12-хон настай охиныг цагдаагийн албан хаагч албаны машнаар дайрч амь насыг нь хохироосон хэрэг гэрч олны сэтгэлийг сэрт хийлгэсэн. Урсгал сөрж яваад балчир охины амийг хохироосон Таван буудлын зам дээр цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай охины аминд хүрсэн ноцтой осол гарсан билээ. Энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд хуулийн дагуу шийдвэрлэхийг иргэд хүлээсээр байгаа билээ.

9.    Хоёр хүүхдээ хөнөөсөн эцэгт 25 жилийн хорих ял оноосон


 Дахиад л төрсөн үрээ тамлагч эцэг энэ жагсаалтад багтаж байна. Булган аймгийн Орхон суманд З.Ёндон гэгч өөрийн бага насны хоёр төрсөн  хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 14-нд гарсан. Энэхүү хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас  хяналт тавьж, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Шүүхээс З.Ёндонг согтуугаар, хүнд хор уршиг учруулан  гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хоёр жилийг гянданд, үлдсэн 23 гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

10.  Х.Тэмүүжингийн ээлжит шуугиан


Энэ оны шуугиан дэгдээгчээр хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг тодорхойлмоор. Оны эхэнд Г.Сарангэрэл гэгч охинтой нэр холбогдон, сайн ахын нэр зүүгээд байсан тэрээр оны сүүлээр мөн л нэгэн шуугианы эзнээр тодорсон. Тэрээр хууль зүйн сайдын суудлаа өгөхийнхөө өмнөхөн twitter-ээр “нууц баримт” гэх дөрвөн сая долларын баримтыг дэлгэж, “Алтан Дорнод Монгол” компаны захирал Т.Ганболдыг ихээхэн сандралд оруулсан. Гэвч энэ баримтын гол эзэн нь хэн болох нь тодорхойгүй байсаар намжсан юм.

11.  Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан


Өнгөрсөн сард Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон нь багагүй дуулиан дэгдээгээд байгаа. Түүнийг АТГ-аас саатуулсан бөгөөд Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулганы хамт баривчилсан юм. Ч.Эрдэнэбулган, Д.Баярсайхан нарыг нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

12.  Хүн алах гэж хуулийн сургуулийг дүүргэсэн этгээд...


Эмэгтэй хүн гэдэг эмзэг нандин амьтан. Гэтэл тэд сул дорой байдлаасаа болж гэр бүлийн хүчирхийллийн “үлгэр жишээ” болсоор байна. Энэ оны эхээр буюу дөрөвдүгээр сард болсон айшигт хэргийг эргэн сөхөе. ИЗИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн, хүн алаад, ялаа яаж хөнгөрүүлж болохоо нэгд нэгэнгүй судалсан сэхээтэн залуу эхнэрээ хайчаар дүрж амийг нь хохироосон хэрэг гарсан. Энэ нь бас л нийгмийг нэг хэсэгтээ л цочролд оруулаад авсан. Танилцаад таван жил болох хугацаандаа Б.Ган-Очир, талийгаач нар хөөрхөн алаг үрээ энгэртээ тэвэрсэн ч хардалт гэх аймшигт сэтгэцийн өвчин түүнийг нөмөрсөн бололтой. Төрсөн эгчийнх нь нүдэн дээр хайч хүзүү рүү нь дүрж, тамлан хороосон түүнд шүүхээс 15 жилийн хорих ял оноосныг талийгаачийн ар гэрийнхэн эсэргүүцэж байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top