Тэднийг эх оронч гэж чадахгүй нь

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр  УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Улс орны өнөөгийн дүр төрхийг дүгнэж, Монгол Улсын хувьд нөхцөл байдал орших уу, эс орших уу  гэсэн ишлэлийг сануулах хэмжээнд хүрээд байна гэдгийг онцоллоо.  Энэ бол ноцтой сануулга гэдгийг хэлэх юун.  Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал олон жилийн улбаа угшлаас шалтгаалсан гэдгийг тэрбээр сануулсан. 

Ерөнхий сайдын “...хэн нь илүү эх орончоороо уралдахаа зогсоё, энд тэндгүй бор хоногоо төөрүүлж байгаа хүмүүсийн зовлонгоор, хэн нь хүмүүст илүү хайртайгаараа популизм хийхээ ч орхиё” гэж хэлсэн нь иргэдэд содон сонсогдсон байх. Ерөнхийдөө бол манай улс төрчдийн ааш араншин,тогтож хэвшсэн дадал зуршлыг нь тэр ийн илэрхийллээ.

Улс орны уруудаж доройтож байгаа өнөөгийн энэ дүр зураг “эх оронч” сэтгэлгээний уралдааны үр дагавар гэдгийг тодотгох учиртай.  Ийм дүр эсгэсэн эх оронч илэрхийлэл өрсөж амлах, популист хийрхэл жинхэнэ утгаараа цэцэглэх хөрс нь болдог аж. Популизмын гайгаар Монгол Улс хөгжлийн ямар боломжийг алдаж байсныг эргэн нэг санацгаая.

2008 оны УИХ-ын сонгууль.  Тэр үед АН “Эх орны эрдэнийн хувь” хэмээн иргэн бүрд 1.0 сая төгрөг  олгохоор  амалж байсан бол МАХН /хуучин нэрээр/  “Эх орны хишиг” хэмээн иргэн бүрд  1.5 сая төгрөг амалж сонгуульд ялж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд энэ хоёр намын амлалтыг нийлүүлж иргэн бүрд 2.5 сая төгрөг хуваарилахад анхаарна гэдгээ тухайн үед  мэдэгдэж байсан удаатай.  Сонгуулийн энэ амлалтыг хэрэгжүүлэхийн тулд 2010 онд 345 тэрбум, 2011 онд 805 тэрбум төгрөгийг бэлнээр тараасан  байдаг.  Эхний жил тарааасан 345 тэрбум төгрөгөөр тухайн үеийн ханшаар тооцож үзэхэд Монгол Улсын 330 сумыг  барууны стандарт бүхий орчин үеийн эмнэлэгтэй, эсвэл мөн ийм стандартын сургуультай болгоход элбэг хүрэлцэх байв.  Дараа жилийнх нь 805 тэрбум төгрөгөөр наанадаж 21 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, эсвэл мөнөөх олон жил яригдаж байгаа Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам гэхчлэн томоохон мега төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хөрөнгө байв. Өглөө гээд мэдрэгдэхгүй, өгсөнгүй гээд үгүйлэгдэхээргүй сар бүрийн 21 000 төгрөгийг иргэдэд тараахын тулд эх орны ийм хэмжээний бүтээн байгуулалтыг популист амлалтын золиос болгосон хэрэг. Үүний төлөө Оюутолгой, Хятадын Чалкогоос их хэмжээний зээл авч тэр нь өнөөдрийн төлбөрийн чадварт дарамт үүсгээд байна.  Эх орончоороо уралддаг, иргэдийнхээ төлөө байнга  өмөрч явдаг манай улс төрчдийн байгуулсан “гавьяа” нэг иймэрхүү. 

Төсөв хүндэрлээ, Засгийн бүтцийг  цомхотгох хэрэгтэй хэмээн хоёр жилийн турш хоолой нийлүүлэн дуулсан  МАН-ыхан хамтарсан Засгийн газрын сургаар эх орноо бодож л хамтарлаа хэмээн “ичингүйрч” байсан.  Харин тэд эрх мэдлийн үзүүрээс атгангуутаа шууд солгой хоолойгоор  эгшиглэж, нөгөө данхайгаад байна гэсэн бүтцээ улам томруулчихлаа.  Дэд сайдуудыг цомхотгох бус бүр ихэрлүүлж, долоон дэдийн суудлаар эх оронч сэтгэлийнхээ цангааг тайлав.

2013 оны хавар тус намын 25 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар  гарын үсэг зурж өргөн барьж байсныг санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд дөнгөж ганц жил ч болоогүй байхад гэсэн үг. Тэдний энэ үйлдлийг Н.Алтанхуягт аллергитэй М.Зоригт гишүүн хүртэл  “МАН-ынханд эх оронч сэтгэл дутаад байна” хэмээн тодотгож байсан билээ.

Эх оронч уралдаан намын хүрээнээс хэдийнэ хальж, улс төрчдийн хүрэн зандан ширээн дээгүүр тунарч байна. Зурагтын камер харахаараа цээжээ дэлддэг,  эх орон ард түмний төлөө хэмээн  дуу нь чангарч, онгод нь огшдог  улстөрчдийн балагаар гадаадын хөрөнгө оруулалт саарсан хэмээн  ярилцдаг нь талаар бус.  

Үнэхээр улс төрчдийн популизмаар бол Монгол өдийд “улс шиг хөгжиж”, монголчууд “хүн шиг амьдрах” цаг хэдийнэ ирэх байсан биз. Тийм болохоор л тэднийг мянга уралдсан ч эх оронч хэмээн харж чадахгүй нь.

П.Булган

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(89.82.89.190) 2014 оны 12 сарын 24

Ganbaatar baterdene battulga batzandab metiin gainuud bol mongoliin daisan

0  |  0
зочин(202.126.89.176) 2014 оны 12 сарын 23

Эх орончид цээжээ хэзээ ч дэлдэж байгаагүй.

0  |  0
Top