Монголын спортын ертөнцөд өрнөсөн оны онцлох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 26

Улиран одож буй 2014 он Монголын спортын ертөнцөд чамлахааргүй амжилт бүтээл, дуулиан шуугиан дагуулсан жил байлаа. Тиймээс бид энэ удаа Монголын спортын ертөнцөд өрнөсөн оны онцлох 15 үйл явдлыг тоймлон уншигч танаа хүргэж байна.

1.Гавьяат тамирчин Б.Сэр-Од Япон улсад ажиллаж, амьдрах боллоо

Монголын номер нэг марафонч Б.Сэр-Од Япон улсад ажиллаж, амьдрах болсноо “Бэппү Ойта майничи” марафонд оролцохдоо хоёрдугаар сарын 4-нд албан ёсоор зарлав. Японы Миэ мужийн Кувана хотын "NTN" компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцож байхаар тохиролцсны дагуу өдгөө арлын Япон улсад амьдарч байгаа. Мөн тэрээр энэ сарын 8-нд Японд болсон марафон гүйлтийн “Фүкоко 2014” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, өөрийн дээд амжилтаа шинэчлэн 2:08.50 секунд болгон ахиулсан байна.  Энэ нь Монгол Улсын дээд амжилтыг ч давхар эвдэж, 10 секундээр ахиулсан явдал боллоо.

2. ОУХМ Д.Болдбаатар “Дакар ралли”-д түүхэн амжилт үзүүллээ

“Дакар ралли-2014” уралдаанд Монголын тамирчин Д.Болдбаатар Ази тивээс ганцаараа 60 дугаарт шалгарсан түүхэн амжилт үзүүлсэн. Японы тамирчин эхний 50-д үлдэж Дакар раллигийн түүхэнд Ази тивийн анхдагчаар тодорсон бол Монголын мотоцикльч хоёр дахь тохиолдол болон нэрээ мөнхөлсөн юм.

3.Какүрюү М.Ананд Японы сүмо бөхийн 71 дэх Ёкозүна болов

Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс гуравдугаар сарын Харү башёгийн түрүү бөх Какүрюү М.Анандыг 71 дэх Ёкозүна цолтноор албан ёсоор батламжилсан. Тэрбээр ийнхүү мэргэжлийн сүмогийн 71, Монголын дөрөв, гадаадын зургаа дахь Ёкозүна цолтон болсон юм.

4.2016 оны пара олимпийн анхны эрхийг буудлагын тамирчин авлаа

Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Зандраагийн Ганбаатар 2016 оны параолимпийн анхны эрхийг хүртсэн тамирчин боллоо. Тэрбээр пара буудлагын дэлхийн аваргын тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны тэмцээнд 524 оноогоор финалд шалгарч улмаар шигшээ буудлагад долдугаар байр эзэлснээр Рио-2016 паралимпийн эрхээ авсан юм.

5.Олны дэмээр онцлох 10-т багтсан тамирчдын хувцас

Сочи -2014 наадмын өмнө тамирчдын амжилтаас илүү олон нийтийн анхаарлыг татаж, шуугиан тарьсан зүйл нь тамирчдын өмсөх хувцас байлаа.

Нэгдүгээр сарын сүүлээр тамирчдын хувцсыг танилцуулсан нь олон нийтийн сүлжээгээр шүүмжлэлийн бай болов. “Шатахуун түгээгчийн хувцас уу, Нормын хувцас байна, Хужаа ажилчдын хувцас шиг байна” гэх зэргээр шүүмжлэл хөвөрч өгөв. Үүний үр дүнд үндэсний үйлдвэрлэгч “Говь” компани тамирчдын хувцсыг урлаж тамирчдад гардуулсан юм.

Ингээд утаан дотроосоо ялгагдахгүй саарал куртка, хар өмдөө солиод хөх цэнхэр өнгийн хувцастайгаар манай баг Сочи-2014-г зорьсон бөгөөд тамирчдын ёслолын өмсгөл "олимпийн шилдэг 10 хувцас" жагсаалтад орсон билээ.

6.Монголын үндэсний бөх хоёр Дархан аваргатай болов

Долдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол хүртээлээ. Ингэснээр наадамчин олныг нулимс цийлэгнүүлэн гэнэтхэн зодог тайлсан А.Сүхбат аварга найман жилийн дараа наадмын ногоон дэвжээнд эргэн ирж олон хүмүүсийн хүлээлтийн хариуг барьсан юм. Гэвч Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны зүүний магнайд хэн нь гарах вэ гэдэг асуудал үзэгчдийг хоёр талцахад хүргэсэн төдийгүй А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг гурвын даваанд амлан авч тахимаа өгсөн нь энэ наадмын хамгийн том сенцааци болсон юм.

7. Үндэсний их баяр наадамд Улсын харцага Н.Батсуурь түрүүлж, арслан цол хүртлээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, ардын хувьсгалын түүхт 93 жилийн ой, үндэсний их баяр наадам шинэ арслантай, шинэ гарьдтай, харцагатай, таван шинэ начинтай өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Намсрайжавын Батсуурь даваа бүртээ суурилаг сайхан барилдаан үзүүлж, улсын начин Б.Сангисүрэн, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ч.Санжаадамба, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан нарын хүчтэй шилдэг өрсөлдөгчдийг цувуулан орхиж төр түмний их баяр наадмын манлайгаар тодорлоо. Ширбазарын Жаргалсайхан начин мөн л улсын шилдэг начин П.Ганхүү, барууны магнай Г.Эрхэмбаяр аварга, зүүний магнай С.Мөнхбат, мөн удаад нь магнайлсан Х.Мөнхбаатар, Н.Ганбаатар нарыг тахимдаж дайран орхиж үзүүрт шалгарч Завхан нутгаасаа тодорсон дөрөв дэх улсын гарьд цолтон боллоо.

8.С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн дэлхийн аварга цолыг хүртсэн хамгийн залуу тамирчин болов

“Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Сүхээгийн Цэрэнчимэд Ташкентийн дэлхийн аваргын дэмжээн дээр бусдаасаа илүү гэдгээ харуулж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй бөхчүүдээс төрсөн хоёр дахь, Монголын бөхчүүдээс төрсөн дөрөв дэх аварга болж, тав дахь алтан медалийг эх орондоо авчирав. Мөн дэлхийн аварга хэмээх эрхэм нэр хүндийн эзэн болсон хамгийн залуу тамирчин боллоо. С.Цэрэнчимэд энэ жил 19 настай бөгөөд 16 настайдаа олон улсын хэмжээний мастер болж байсан юм.

Түүний хүч хөдөлмөрийг үнэлж шинэ оны босгон дээр Монголын төр Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрийг нь мялаалаа.

9.Дуулиан, шуугиан дүүрэн Азийн наадам

БНСУ-ын дөрөв дэх том хот Инчонд 16 хоногийн турш үргэлжилсэн 17 дахь удаагийн Азийн зуны спортын наадам Монголын спортын ертөнцөд түүхэн амжилт авчирсан, багагүй дуулиан шуугиан нэмсэн наадам болж өнгөрлөө. Энэ наадамд гарцаагүй аварга болно гэж найдаж байсан Гавьяат тамирчин Төгсцогтын тулаан луйврын шүүлтэд өртөж, зохион байгуулагчдын буруугаас Монголын далбааг буруу харуулан байрлуулж, эмэгтэй жүдочдын маань хоолонд бохир зүйл хийсэн гээд Монголын спорт сонирхогчдын хувьд Солонгосчуудыг үзэн ядах өчнөөн зүйл өрнөв. Гэвч Монголын тамирчид маань түүхэн амжилтыг үзүүлж, эрэгтэй жүдочид бүх жинд медаль авсан, боксоос анх удаа Азийн наадмын аварга мэндэлсэн, буудлагын төрөлд анх удаа ганцаарчилсангаар алт авсан, тэквондо тивийн “олимп”-оос анх удаа медаль хүртэж, эрэгтэй, эмэгтэй сагсчид шилдэг наймд шалгарсан, Т.Санчир тивийн шилдэг гурван тоглогчийн нэгээр тодорсон, Монголын номер нэг марафонч Б.Сэр-Од гараанаас гарсан цагаасаа тэргүүлсэн гээд гээд гайхам амжилтаар дүүрэн наадам болов.

Мөн зохион байгуулагчид өөрийн орны тамирчдаа дэмжихийн тулд шүүлтэд илт нөлөөлж байсан нь Азийн наадмын түүхэнд тодоор бичигдэх хар толбо болон үлдэж байна.

10.Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч авлигын хэрэгт холбогдов

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаслаа. 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ганболдыг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоосон учраас ийм хориг тавилаа. Харин ирэх оны хоёрдугаар сарын 27-нд Монголын хөлбөмбөгийн холбоо ээлжит их хурлаа хуралдуулахаар болсон юм.

11. Сэргээш хэрэглэсэн бөхчүүд

Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноор сэргээш тойрсон дуулиан бүтэн жил шахам үргэлжилдэг болсон гэхэд болно. Тэгвэл энэ жилийн баяр наадмын араас ч сэргээшийн дуулиан мөн л дэгдэв.  Улсын баяр наадмаар начин цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Н.Адъяабат, Говь-Алтайн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун нарын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрлээ. Хоёр бөхийн хувьд нэг нь гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн нөгөөх нь хагалгаа хийлгэсэн гэдэг тайлбарыг өгөөд байгаа. Харин баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдрийг хүртэл сэргээш хэрэглэсэн бөхөд арга хэмжээ аваагүй байгаа юм.

12.Жүдогийн гурав дахь дэлхийн аварга төрлөө

Өмнөд Уралын нийслэл Челябинскийн дэлхийн аваргын 60кг-д Ганбатын Болдбаатар түрүүлж, жүдочдоос гурав дахь дэлхийн аварга төрлөө. Багийн дэлхийн аваргад Монголын эмэгтэй жүдочид Францын хүчирхэг багтай эн тэнцүү өрсөлдөж 3:2 харьцаатай ялагдснаар мөнгөн медаль хүртсэн. Манай баг тамирчид дэлхийн аваргын тэмцээнээс долоон жилийн өмнө хүрэл медаль авч байсан бол Челябинск хотноо ийнхүү медалийн өнгийг хувиргаж чадлаа.

13.Хамгийн богино хугацаанд сэкивакэ цолтон болсон Монгол сүмоч

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Минато дэвжээний бөх А.Ичинноров буюу Ичнужёо асар богино хугацаанд Сэкивакэ цолтон болсон анхны бөхөөр тодорч шуугиан дэгдээв.  Дээд зиндаанд хоёр башё барилдаж асар богино хугацаанд Сэкивакэ цолтон болсон А.Ичинноров сүмогийн түүхэнд анх удаа тохиож буй цоо шинэхэн үзүүлэлтийн эзэн болж монголоор овоглох нэгэн дээд амжилт ийнхүү бичигдэж байгааг Японы хэвлэлүүд шагшин бичиж байлаа.  Түүнийг 72 дэх Ёкозүна цолтон болно хэмээн Японы ард түмэн итгэл хүлээлгээд байгаа.

14.Бас нэгэн дээд амжилт

Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлж, Наран улсын домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг 43 жилийн дараа давтан, түүхэн амжилт тогтоолоо. Тайхо аварга 2013 оны нэгдүгээр сард 72 настайдаа тэнгэрийн оронд одсон. Түүнийг нас барахаас нь хоёрхон хоногийн өмнө Хакүхо эмнэлэгт эргэж очиход Тайхо аварга өөрийнх нь түүхэн амжилтыг заавал шинэчлэн тогтоогоорой хэмээн захисан гэдэг. Түүнчлэн ийнхүү түүхэн амжилт тогтоосонтой нь холбогдуулан Хакүхогийн иргэншлийн асуудал сүмо сонирхогчдын дунд асуудал дэгдээв. Гэвч их аварга маань одоогоор “Соль гэсний зоргоор сольчихдог зүйл иргэншил биш” гэсэн хариултыг өгөөд байгаа. Тэрчлэн түүхэн амжилтыг эвдэн эзэн хааны цомыг гардахдаа сүмогийн ордонд эх монгол хэлээрээ ““Бөртэ чоно, гоо марлын удмын хүү би, өөрийн хайртай Тайхо аваргын ачийг биелүүлж, амжилтад нь хүрсэндээ, Монголын ард түмэндээ эвтэй байвал хүчтэй байж юманд хүрч чаддаг юм аа гэдгийг харуулсандаа баяртай байна” хэмээсэн билээ.

15.Нас бол ердөө л тоо гэдгийг баталсан дэлхийн аварга

2004, 2005, 2006, 2012 оны УАШТ- үнэмлэхүй аварга, "Монголын Мистер", 2012 оны ААШТ шагналт 5 байр, 2013 ААШТ 85 кг- хүрэл медальт тамирчин Ж.НУРЛАН Бодибилдингийн дэлхийн аварга цолыг анх удаагаа эх орондоо авчирлаа. Тэрбээр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 оноос өнөөг хүртэл 23 жилийн турш бодибилдингийн спортоор уйгагүй хичээллэсний эцэст ийнхүү Дэлхийн тэмцээний аварга болно гэж хэлж мөрөөдөж байсан амлалтаа биелүүлж Монгол Улсынхаа нэрийн дэлхийн тавцанд дуурсгалаа.

Түүнчлэн Фитнесс ангилалд Азийн аваргын мөнгөн медальт Б.Хүсэлтүвшин мөнгөн медаль хүртэж мөн дэлхийн аваргын анхны мөнгөн медальтан боллоо.

Ш.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top