Монголын төрд ноолоход амар номхон морь нэг байна, тэр нь хүүхдийн мөнгө

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 27

Байхгүйгээ дуудна гэдэг Ерөнхий сайд хүний хувьд хүсээд байх зүйл биш байх. Гэхдээ л байгаа үнэн нь тэр болохоор  ил цагаан хэлж байна. Төсвийн орлого тасарсан, ирэх жилийн төсвийн орлогыг 1.0 их наядаар танана. Хэмнэлтийн горимд шилжинэ, бүсээ чангална,  цомхотгоно, нэгтгэнэ гэж ярьж байна.

Харин хэрхэн яаж  хэмнэх талаар бодож олсон арга хувилбараа Ерөнхий сайд Их Хурлын нэгдсэн чуулган дээр мэдээлсэн нь хэдхэн хоногийн өмнө.  Төсвийг хэмнэх олон боломж байгаа юм байна. Эдгээрээс түрүүлж дуулдсан нь хүүхдийн мөнгө, алдарт эхэд олгож буй тэтгэмжийг хасах хувилбар. Бас оюутны тэтгэмжийг ялгавартайгаар олгох, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг түр хойшлуулах гэнэ. Эдгээрээс дэмжих юм ч бий, дэмжихгүй санал ч бас байна. Шийдлийн засгийн газрынхны “бүгдээрээ хэлэлцэж, бүлээн усаар угаасан” хувилбар нь эдгээр бололтой. Тэдний сэтгэлгээний хязгаар, эдийн засгийг эмчлэх боломжийг олж харсан оюуны мэлмий одоогоор ийм хэмжээнд илэрхийлэгдэж байна.  

Хэмнэнэ гэдэг сайн хэрэг. Үүнтэй хэн ч санал нийлнэ. Гэхдээ хэмнэлтийг зөвхөн ард түмнийхээ халаас руу гар дүрэх төдийгөөр хийхийг бол дэмжихгүй. “Өөрчлөлтийг өөрөөсөө” гэх үг бий. Төр, Засгийн толгойд “эрхэлж” буй “хэтэрхий мэргэн жараахайнуудад”  энэ үг хамгийн түрүүнд хамаарах учиртай.

Хятадын дарга Си Зиньпин өөрийнхөө цувааны машины тоог цөөлж, Бээжингийн жирийн хоолны газруудад зоог барьдаг болсон тухай гадны хэвлэлүүд мэдээлж байна. Энэ бол хэмнэлтийг өөрөөсөө эхэлж байгаа удирдагч хүний үлгэр дууриал. Тэгвэл Монголын улстөрчид хэмнэлтийг, ёс суртахууны жирийн хэм хэмжээг хүртэл өөрсдөөсөө  яагаад тойруулаад байдаг юм бэ. Үгүй ядахнаа дэд сайдуудаа цомхтгосон бол ард түмэндээ сайхан харагдах байлаа. Энэ бол эх оронч сэтгэлгээний хэлтэрхий мөнөөс мөн. Үүнийг мэдсэн хэрнээ тэд албан тушаалын амт шимт, бялуу амтлуулах тэг гортигоосоо гарч  чадахгүй гэдгээ харууллаа. Харин ч бүр тоо толгойг нь нэмчих жишээний.  Хамтрахаараа яг л ийм харгуйгаар дөрөө харшуулдаг. Дассан замаараа сурсан дуугаа аялаад галигуулж байгаа нь энэ.  

 

дэд сайдуудаа цомхтгосон бол ард түмэндээ сайхан харагдах байлаа

 

Тэгсэн хэрнээ хүүхдийн мөнгөөр туг тахих гэж байгаа нь үнэхээр ичгэвтэр биш гэж үү. Бяцхан үрсдээ барьж буй 20 мянган төгрөгийг халамж гэж харах, аль эсвэл ирээдүй үедээ хийж буй хөрөнгө оруулалт гэж ойлгох нь нь улс төрчдийн шийдлийн учир шалтгаанаас хамаарч байна. Одоо хасах танах дээрээ тулсан болохоороо үүнийг хавтгайрсан халамжийн нэг хэсэг гэж тодотгож байна. Зөвхөн зорилтот бүлгийхэнд хүүхдийн мөнгийг нь олгоё гэж байна. Зорилтот гэхээр ядуучуудад гэсэн үг байх. Баячууд, төсвөөс мөнгө хөхдөг хүмүүст хүүхдийн мөнгө мэдээж үгүйлэгддэггүй байж мэднэ. Харин хэнээс ч гуйхгүй ажил амьдралаа залгуулаад явж байгаагийнхаа төлөөс болгож  Монголын нийгмийн тулах цэг болсон тэр дундчууд хүүхдийнхээ мөнгөөр сор залуулах юм байна. Улс орнууд дундчуудаа түлхүү дэмждэг бол Монголын дундчууд төрийн гэсэн бүхний гадна хаягддагийн нэг жишээ энэ юм. Эмзэг бүлгийнхэнд төрийн дэмжлэг хэрэгтэй ч ядуу байсных нь төлөө урамшуулал олгоод байх нь хэр зөв бэ гэдэг бол хариулт нэхсэн асуулт билээ. Нөгөө талаас нь харвал  хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгох нь төрийн ил цагаан, үлгэр дууриалгүй шударга бус алагчлал мөнөөс мөн. 

 “Нохойнд барьдаг мод” гэдэг шиг үе үеийн эрх баригчдын  сав л хийвэл түрүүлж шүүрч авдаг хасалт таналт хүүхдийн мөнгө болсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө бол төсөв “хэмнэгчид”-ийн ноолоход амар номхон морь болчихож.  Өгнө, өгөхгүй, хасна, танана гэхчлэн өгч байгаа хүндээ өлзий болохооргүй үг хэллэгийг араас нь бас дайдаг.

 

хүүхдийн мөнгө бол төсөв “хэмнэгчид”-ийн ноолоход амар номхон морь болчихож.

 

Монголын төр  төр шиг байж, хэлсэн үг, гаргасан шийдвэрийнхээ араас ингэж гоншигондогоо  болимоор юм. Хүүхдийн мөнгө бол хэвшиж тогтсон, уламжлал болсон хөрөнгө оруулалт юм. Өмнөх нийгмийн үед ч бас байж л байсан. Харин ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш энэ санал санаачлагын автор нь АН болсон.  2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө анх тусган хэрэгжүүлж байсан санагдана. МАН-ын бүлэг өнгөрсөн арваннэгдүгээр сард  зорилтот бүлгийн хүүхдийн мөнгийг бүр 30 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх тухай ярьж байсан сан. Одоо энэ үгээ  эргээд харахын зуур мартчихсан, хасна гээд дуу хоолойгоо нэгтгэчихсэн цохьж явна, хөөрхийс.   Монголын улс төрийн голлох хоёр хүчин АН, МАН буюу өнөөгийн эрх баригчдын хэлсэн ярьсанд итгэх нь үлээсэн гүзээн дээр суугаад тэнгэрт ниссэн үлгэрт үнэмшихтэй агаар нэгэн болчихож.

П.Булган

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би монгол хүн(202.21.106.165) 2015 оны 01 сарын 07

ард нийтээрээ хэлэлцэх нь зөв.наад олон хурган дарга нараа эхний ээлжинд цөөл,дээдсийнхэн төсвийн мөнгөөр тансаглахаа боль,саарал ордонд шигдэгсэд нолийн цаас,гарын саван,уух цай кофегээ өөрсдөө бэлд,утасны мөнгөө өөрсдөө төл,унааныхаа хоолыг өөрсдөө хий/ шатахуун/.тэгээд бага хүүхэд нь 18 нас хүрсэн бол эхийн одонгийн буюу хуучнаар хүүхдийн мөнгийг олгохоо боль, харин 18 нас хүртэлх бүх хүүхэд сар бүрийн мөнгийг олгох нь зүйтэй.Төрийн данхар бүтцээ эргэн харж цөөл.төрөөс төрсөн тэрбумтнууд хүүхдийн цэцэрлэг сургууль төрөх эмнэлэг барихад идсэн уусан мөнгөө өг. баялаг бүтээгчдээ дэмж

0  |  0
gutarch baina(182.160.2.167) 2014 оны 12 сарын 29

mongoliin tur ireeduigee boddogguin neg tom jishee enedee , uuniihee orond saihan bileg udriinhuu hooliig hasah bolowuu uguidee harinch 2 dahin nemj iluu undur untei gazraar ywne umnuh songuulid garch baihiigni medeh ym baina talhniihaa uniig medehgui baisanshtee odoo burch martaa bailguidee tengiin maitan ym chin ard tumnii amidraliig umjartaj hooson ertunts dotoroo jargaj ywaa bailguidee

0  |  0
аав ээж нар(202.21.106.118) 2014 оны 12 сарын 29

Хүүхдүүд сонгуульд санал өгдөггүй болхоор хамгийн түрүүн улс төрчид тэр хэсэг рүү дайрдаг юм,тэгээд бодхоор хүүхдүүдийн ээж аавд яаж хандаж байгаан тодоос тод харагдаж байхад монгол эцэг эхчүүд дэндүү доорд төр үнэлэж байна гэж бодог шүү

0  |  0
Zochin(202.126.89.176) 2014 оны 12 сарын 28

Dundchuudaa demjij baij khugjinu. Ted uls orniig avch yavdag. Dund davhargiinhan huuhdiinhee mongoor hurimtlal uusgej chadna.

0  |  0
зочин (150.129.140.238) 2014 оны 12 сарын 28

тэр төрөөс төрсөн тэрбумтангууд монгол хүн бол улсаа бодох цаг болсон Буруу замаар олсон мөнгө гарын салаагаар урсдаг л жамтай тэр дарга нарын орон тоог хас бас бизнесүүд төрд алба хашхаа болих хэрэгтэй хувийн бизнесгүй хүмүүсээр төрийн ажилтнаа бүрдүүлэх хэрэгтэй

0  |  0
Зочин(150.129.140.238) 2014 оны 12 сарын 28

гадаада байгаа хүүхдийн мөнгийг бас хасах уу гадаада эцэг эх нь ажиллаж ьөрийн нуруун дээрээс ажилгүйдлийг багасгаад зогсохгүй гэр орондоо мөнөг явуулж валютын нөөцийг нэмэгдүүлдэг тэд НДЛ төлдөг гээд харьд байгаа иргэд дийн хүүхдийнмөнгийг тэдэнд хадгаламж болгон хадгалдаг нь бас л төрд хэрэгтэй байдаг гэтэл энэ бүхнийг хасах уу харьд байгаа монгол иргэд маш олон зүйлээр хохирч хэлмэгдэж байдгийг тооцмоор юм

0  |  0
zochin(103.229.120.213) 2014 оны 12 сарын 28

eronhiilogch ni ooroosoo ehleed hemneltee hiimeer umda daraa ih hurliin gishyyd yamdyyd geed l ter huuhdiin 20 avmaar bval av l da hend heregtei um ter chin

0  |  0
зочин(202.126.89.176) 2014 оны 12 сарын 27

Дэмжиж байна. Хүүхдийнмөнгө хасна гэж солиорхоосоо өмнө ядахад өөрсдийнхээ тэр олон зөвлөх, дэд сайдуудаа цомхотго.

0  |  0
Top