Монгол Улс дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүнийг хүлээж авахад бэлэн үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 31

Манай улс Ази, Европын дээд түвшиний XI уулзалтыг /ASСM/ зохион байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний зөвлөл байгуулах зарлигын шинэ онтой өрсөн гаргалаа. Энэ зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар удирдах бөгөөд сайд Ж.Эрдэнэбат, Н.Төмөрхүү, М.Энхсайхан, С.Баярцогт, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс гадна хэд хэдэн зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга нар багтлаа. Тавь гаруй орны төрийн тэргүүн, нэг дор цугладаг, олон улсын хэмжээний томоохон уулзалт учраас Ерөнхийлөгч ач холбогдол өгч байгаа аж.

Энэ уулзалт нь хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд энэ оны аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Италийн Милан хотноо болсон. ASСM нь олон улсын байгууллага бөгөөд Ази-Европын дээд хэмжээний уулзалт хэмээн нэрлэдэг. Тус байгууллагыг гишүүн орнуудын  улс төр, аюулгүй байдал, санхүү, эдийн засаг, тээвэр, дэд бүтэц, соёлын харилцааг  хөгжүүлэх асуудлыг уялдаатай болгох зорилгоор 1996 онд байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар ASСM 51 гишүүн оронтой бөгөөд үүнээс Европын 30, Азийн 21 орон багтжээ. Ази Европын дээд хэмжээний уулзалтаар ямар нэгэн тодорхой ажил төлөвлөдөггүй, тавьсан зорилт байдаггүй аж. Гэсэн хэдий ч Европ, Азийн орнуудын төрийн тэргүүнүүд нэг дор цуглардгаараа ач холбогдолтой.

Энэ ч утгаараа бид Олон улсын хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулах нь дэлхийд Монгол Улсын нэрийг гаргах томоохон боломж. Олон улсын хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэдэг цээжний бангаар хийчих ажил биш. Наад зах нь дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүнийг байрлуулах буудал, уулзалт хийх байр, унаа тэрэг гээд шийдэх асуудал бишгүй их. Гэтэл 2015 оны төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд Засгийн газар унаж, шинэ засгаа байгуулах, сайдын сандал, суудал, “бялуу”-ны хуваарилалт гээд юун олон улсын хурал зохион байгуулах, түүний төсөв мөнгийг хэлэлцэх манатай юм болж, арай гэж хуулийн хугацаандаа 2015 оны төсвийг өргөн барьсан. Энэ ч утгаараа Ази Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад зориулан, ирэх оны төсөвт мөнгө суулгаагүй гэсэн үг. Тиймээс тус уулзалтын бэлтгэл ажилд зориулсан  хөрөнгиийг 2015 оны төсвийн тодотголд оруулах юм байна. ASСM-ын уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажилд 40-50 тэрбум төгрөг зарцуулна хэмээн яригдаж байсан. Эдийн засаг хүндрээд байгаа энэ үед өдий хэмжээний мөнгийг төсвөөс нэг дор гаргана гэдэг боломжгүй. Тиймээс 2015, 2016 оны төсөвт суулгаж, хувийн хэвшлийхэнтэйгээ хамтран ажиллаж, олон орны төрийн тэргүүний өмнө нүүр улайхааргүй  байхаар бэлтгэлээ базаах учиртай.  

Лаост хоёр жилийн өмнө энэ уулзалтыг хийхдээ бүхэл бүтэн хотхон барьсан байна. Уулзалтын дараа түүнийг хөрөнгө оруулсан компаниуддаа өгчээ. Хөрөнгө оруулалтын иймэрхүү хэлбэрүүдийг манайх ашиглах боломжтой юм.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Бид олон улсын хурлын томоохон цогцолбор төв барих ёстой. Гэхдээ ганц удаа ашиглаад орхих биш, дараа нь үргэлжлүүлэн үр дүнтэй ашиглахад анхаарах нь зүйтэй. Одоо бидэнд хоёр жил хүрэхгүй хугацаа байна. Хурлыг чухам хаана төвлөрүүлэн зохион байгуулахаас эхлээд хариуцлага шаардсан бэлтгэл ажил эхэлж байгаа. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийн ажил биш. Төр засаг, иргэн бүр, түүний дотор ялангуяа ТББ-уудыг өргөнөөр татан оролцуулах ёстой. Төр ганцаараа үүнийг хийж чадахгүй. Санхүү, төсвийн хувьд бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг нь 2015 оноос төсөвт тусгаж эхлэх, 2016 онд шинэ цогцолбор ашиглалтад оруулах, унаа тэрэг зохицуулахаас өгсүүлээд бидэнд асуудал их байна. Энэ нь зөвхөн нэг удаагийн дээд түвшний уулзалт биш. Түүнээс өмнө тэр 53 улсын Гадаад харилцааны сайд нарын уулзалт, Ази, Европын бизнесийн форум, Парламентын гишүүдийн чуулга уулзалт гэхчлэн зохион байгуулах учиртай" хэмээн хэлсэн. Үүнээс үзвэл Ази Европын дээд хэмжээний XI уулзалтыг зохион байгуулахад, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, бүтээн байгуулалт цаг хугацаа шаардах нь. Ямартай ч Ерөнхийлөгч зарлиг гаргаж үндэсний зөвлөл байгуулснаар буух эзэнтэй боллоо.  Энэ том ажлын ард нэр төртэй гарвал монголчууд бидний нэр л гарна.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top