Сайн байна уу, 2015 он

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 01

Жилийн хамгийн сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-ны өдрийг уламжлал болгон  Чингисийн төв талбай дээр "Мөнгөн үдэш" нэртэйгээр нийслэлчүүд тэмдэглэн өнгрөөдөг билээ. Тэгвэл энэ жил "Мөнгөн үдэш" 20.00 цагаас эхлэн  “Шар айраг”, “Sweetymotion” “Ньюанс” “3 охин” “V.R” хамтлаг болон хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, поп дива С.Наран, Д.Болд нарын ая дуугаар хөг нэмэн үргэлжилж байв. Гадаа хэдий хүйтэн байсан ч нийслэлчүүд олны шуугиан, инээд цалгианд даархаа мэдэхгүй хөгжилдөж  байсан юм. Гэр бүл, найз нөхдөөрөө гээд л хурсан олон бүгд шинэ оноо угтах торгон мөчийг хүлээн талбай дүүргэн холхилдсоор, идэр есийн хүйтэн жаварт дуучдын цоглог хөгжмийн аянд зугаацан бүжиглэж хэрэндээ л жихүүн жаврыг сааруулна.

 Талбай дээр хуучин оноо үдхээр ирсэн хэсэг залуус "хотын захаас явдаг болохоор унаа унш олдохгүй нилээд удлаа. Уг нь баярын ийм өдрүүдэд нийтийн тээвэр хүрэлцээтэй байх хэрэгтэй шүү дээ, гэхдээ талбай дээр уур амьсгал сайхан байна" хэмээн хөөрөлдөж байсан юм. 00:00 цаг хүртэл үргэлжилсэн талбайн эргэн тойронд төмөр саванд түүдэг асаасан байсан юм. Энд хурсан олон тойрог болон ээлж дарааллаараа галын илчинд дулаацан зогсоно.

Зөвхөн нийслэлчүүд ч бус орон нутгийн иргэд Чингисийн талбайдаа шинэ оноо угтахаар ирсэн байлаа. Тэдний төлөөлөл Э.Улаанаа гуай "Сайхан жил болж өнгөрлөө. Урьд жил ч мөн талбай дээрээ он оо гаргаж байсан. Цасгүй шинэ жил болох нь гээд л хэн хүнгүй шуугиж байсан. Харин ондоо багтаж олны сэтгэлийг баясган цас орлоо" гэж ярьсан юм.

Талбайн зохион байгуулалтын хувьд дөрвөн жигүүрт Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байв. Мөн нийслэлийн Тээврийн газраас 30 автобусаар иргэдэд үйлчилхээр бэлдсэн байлаа. Харин зүүн урд хэсэгт асрууд байрлуулсан байсан бөгөөд ирсэн олонд халуун ундаа, зуушаар үйлчилж байлаа.

Хүүхэд залуус мөсөн талбайд гулгахаар ирсэн боловч эвдрэлийн улмаас ажиллахгүй гэж буцааж байв. Энэ тухай талбайн ажилтан Ж.Энхчулуун ярихдаа "уг нь мөсөн гулгуурын талбай шөнөжин ажиллах байсан юм. Гэтэл өдөр гэнэт л мөснүүд нь ханзраад зааг гарчихлаа. Хүмүүс гулгавал  тээглэж унаж, гэмтэж бэртэхээр болчихсон болохоор хааж  байна" гэж ярьсан юм. Нээрээ ч нуур цөөрмийн ус хатаж ширгэхэд үүсдэг сайр шиг болчихсон харагдана. Түүнчлэн нийтийн бие засах газрын гадаа их дараалал үүссэн байлаа. Энэ бол талбайд байрлах ганц нийтийн бие засах газар. Тэнд дугаарлан зогсох хүмүүс  "тоймгүй их дарааллыг хүлээн орж амжилгүй л өтгөн, шингэнээ алдахаар байна. Өөр бие засах газар хавьд харагдсангүй" гэж бухмдацгааж байлаа. Бие засах газраас гарч ирсэн хүмүүс "он оо энд үдэх янзтай байна, үйлчлэгч нь ахиж хүн оруулахгүй гэх мэтээр хүндрэл учруулж байна гэж ярьсан юм. Энэ мэтчилэн шинэ оноо угтах ёслолын үйл ажиллагааны үеэр сайн ч саар ч зүйлс их харагдав.

 Он солигдохоос хэдхэн мөчийн өмнө Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл урьд оноо дүгнэн, ирэх онд хийх ажлуудынхаа талаар нийслэлчүүддээ хуваалцаж 00:00 цагт ёслолын буудлага, 10 минутын турш хүмүүсийн сэтгэлийг сэргээн тэнгэрт цацрасаар буурал хорвоо нэг насан нэмэн 2015 он ирлээ.

 Нийслэлчүүд соёлжиж буй ч 12 цаг өнгөрч цэнгүүн тарах үеэр бүгд л баяртайгаар гэрийн зүг буцсан ч талбай дүүрэн оргилуун дарсны шил, таглаа, цаасан аяганууд хөглөрч харагдсан. ТҮК-ийн ажилчид талбайг цэвэрлэх боловч баярлаж цэнгэсэн ч ухамсартайгаар ууж, идсэн зүйлийнхээ хаягдлыг хогийн саванд хийж сурах хэрэгтэй юмсан даа.

Б.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(119.40.102.12) 2015 оны 01 сарын 03

bi tend bsan ix saixan baisan shvv ogshool

0  |  0
Top