Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр өнгөрсөн оны ололт амжилт болон улс орны эдийн засгийн байдал, хариуцлага, сахилгын талаар үг хэлсэн. Тэрбээр “Ард түмэн амьдралдаа хариуцлагатай хандаж байхад төр яаж байна? Тэдний “эрхэм” төлөөлөл хурлаасаа хэдэн цаг хоцордгийг, ажилдаа яаж ханддагийг сонгогчид андахаа байжээ. УИХ-ын гишүүд салхинд гарч яваа амрагчид шиг байж болохгүй. Чөлөөт цаг гарахаар хуралдаа ирдэг юм шиг зан гаргаж болохгүй. Ийм гишүүн олон биш байх. Гэхдээ “муугийн уршиг олонход” гэж үгтэй. Энэ байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй. Их Хуралд хамгийн тулгамдаж байгаа асуудал гэхээр ихэнх нь “ирц” гэж хариулж байна. Одоо ухаарах цаг болсон. Одоо зогсооё. Одоо болно. Үүнээс цааш хязгаар байхгүй. Одоо хариуцлагатай улс болъё. Харин энэ ажлыг толгойноосоо, дээрээсээ, төрөөсөө эхэлж хийе” гэсэн юм. Хариуцлагатай төр байхын тулд төрийг түшилцэж байгаа эрхэм гишүүд өөрсдөөсөө эхлэх нь мэдээж зүйн хэрэг.
Ерөнхийлөгч үг хэлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд маргаашийн чуулганы хуралдаанд цагтаа ирэхийг сануулж, хариуцлагаа ингэж эхэлье гээд "Маргааш өглөө 9:00 цагт ирсэн гишүүдийг камераар нэг нэгээр нь харуулж, хоцорч ирсэн гишүүдийг ч бас нэг бүрчлэн камераар харуулж, олон нийтэд үзүүлнэ" гэсэн. Гэтэл бямба гарийн өглөөний чуулганд Ц.Нямдорж, Л.Цог, С.Эрдэнэ нар л цагтаа ирж бусад нь цаг хугацааны цаана наана хоцорч цуварч ирцгээв. Ж.Батзандан Н.Батцэрэг, Баярсайхан, Ц.Оюунгэрэл нар 9:10 цаг өнгөрөөж ирсэн бол хамгийн сүүлд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 14:21 цагт ирсэн юм. Үүгээр тэд хэн болохоо нийгэмд харуулж, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ард түмнээ хүндэтгэхгүй байгаагаа харууллаа. Хэрэв үйлдвэрийн ажилчин цагаасаа ингэж хоцорч байгаа бол наад зах нь цалингаасаа хасуулж, хэтэрвэл ажлаас халагдах дээрээ тулна. Гэтэл Их Хурлын эрхэм гишүүд “намайг хэн яахав” гэсэн шиг хэнэггүйтэж, эрх дархаараа бамбай хийгээд сурчихсаныг энэ мэтээс анзаарахад төвөгтэй биш байна. Их хурлын гишүүд гэдэг эргээд тооцох хариуцлагын тогтолцологүй зэлнээсээ алдарсан унага шиг зөнгөр хүмүүс болчихсон юм байна.
Ерөнхийлөгч, УИХ дарга нь хариуцлагатай байя, чуулгандаа цагтаа ирье гэж уриалаад байхад бүхэл бүтэн 76 гишүүнээс гуравхан хүн л ойлгосон бололтой. Монгол Улсын ард иргэдийн амьдрал төр засгаас, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, хариуцлага шийдвэрээс шууд хамаатай. Гэтэл ард олны төлөөлөл болж төрд гарсан эрхэм гишүүд үнэхээр л чөлөөт цаг гарахаар чуулгандаа ирдэг юм шиг ханддаг. УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс болж улс орны олон ажил хойшлогддог нь үнэн. Чуулган болох өдөр бүр хэлэлцэх асуудлууд тодорхой байдаг. Гэтэл ирц бүрдээгүйгээс товолсон цагаасаа хоёр, гурван цагийн хойно эхэлж, асуудлынхаа талыг ч хэлэлцэж амждаггүйг захын хүн мэднэ. Энэ хэрээр улс орны шийдэх ёстой асуудал ухардаг. Нөгөө талаараа улс орны ирээдүйд нөлөөлөх томоохон асуудлыг хэлэлцэх үеэр 76 гишүүний 50 хувь нь л ирэх тохиолдол бишгүй их. Нэг үгээр хэлбэл Монголын нийт ард түмний хувь заяанд хамаатай чухал асуудлыг 35 хүн л шийдсэн тохиолдол олон. Тэд чуулганы товлогдсон цагаас нэг, хоёр цаг хоцорч ирэх нь энгийн үзэгдэл болжээ. Ямар усандаа ирж байгаа үхэр биш дээ, төрийн хэргийг хэлэлцэх гэж байгаагаа эрхбиш ойлгодог л баймаар юм.
Ард олноо удирдан, чиглүүлж, нийгэмд хариуцлага сахилгын үлгэр дуурайлал болох ёстой төрийн түшээдэд ажлаа хийх сэтгэл, үүргээ ухамсарлах ухаан үгүйлэгдээд л байна даа.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮