Р.Жигжид: Тусгай зөвшөөрлийг үнэ өрсөлдүүлэх зарчмаар олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг энэ сарын 26-наас эхлэн хүлээн авахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Уул уурхайн сайд Р.Жигжидээс зарим зүйлийг тодрууллаа.

- Тусгай зөвшөөрлийг олгохдоо аж ахуйн нэгж байгууллагуудад ямар шаардлага тавьж байна вэ?

- Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг харгалзан хариуцлагатай, чадвартай хуулийн этгээдэд олгоно.

 -Эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх газрын байршил нь хаана вэ?

МУ-ын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун хэсэгт хамрагдах 9 сая га талбайд байгууллагын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр төлөвлөсөн байгаа. 

Шинэ баталсан журам нь өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

- Өмнө нь сонгон шалгаруулах тусгай зөвшөөрлийг зөвхөн өргөдлөөр авдаг байсан.  Энэ удаад ОУ-д түгээмэл мөрддөг үнээр өрсөлдүүлэх буюу хамгийн өндөр үнийн санал болгосон  аж ахуй нэгжийг сонгон шалгаруулж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн  50 хүртэл  хувийн оноог олгоно. Хайгуулын ажлын төсөл, oролцогчдын мэргэжлийн боловсон хүчний чадвар техник тоног төхөөрөмж хангагдсан байдлыг харгалзан үлдсэн 50 хувийг хуваан олгоно. Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг тогтоохдоо нэгж үнийг эрдсийн хуримтлал бүхий  газар 2244 төгрөг, тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд 1800 төгрөг, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон газар 1350 төгрөг байхаар зохицуулалт хийсэн.

- Тусгай зөвшөөрлийг олгох шинэ журмын бэлтгэл ажил хийж байхад хакердуулсан. Системийн хувьд аюулгүй байж чадах уу?

- Шинэ батлагдаж буй журам харьцангуй боловсронгуй болсон байгаа. Туршилтаар хийгдэж байсан сонгон шалгаруулалтын ажлыг зогсоон аюулгүй байдлыг сайжруулсан. Өмнө нь системээ нээлттэй орчинд ажиллуулж байсан бол одоо хаалттай хувийн сүлжээ үүсгэн ажиллуулж байгаа. Ингэснээр хязгаарлагдмал сүлжээн дотор өргөдөл олгох ажил явуулна. Ямар нэгэн хөндлөнгийн халдлага орж чадахгүй бөгөөд хардлага сэрдлэггүйгээр бүртгэлийг явуулах боломжтой болсон. Системийн аюулгүй байдлыг бүрэн хангасан ба кибер аюулгүй байдлыг газартай байнга хамтарч ажиллаж системдээ хяналт, дүгнэлт хийж байгаа. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хэрхэн олгох вэ?

- Аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын газар дээр бүртгүүлж VPN төхөөрөмжийг худалдаж авна. Төрөөс үзүүлж буй үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй нээлттэй хүртээлтэй хүргэхийн тулд  байгууллагын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах шийдвэрлэх ажиллагааг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлж, өргөдөл гаргах дугаарыг мэдээлэл технологийн дэвшилтэд хэлбэр болох цахимаар олгоно. Ингэснээр  ашигт малтмалын газар дахь хэт их дараалал, нийтийн уур  бухимдал чирэгдэл хардлагыг алга болгох сайн талтай юм.

 -Төхөөрөмжийн үнэ хэд вэ?

- Маргаашнаас ашигт малтмалын газар аж ахуй нэгжүүдийг бүртгэж эхэлнэ. Төхөөрөмжийн үнэ 280 мянган төгрөг. Цахимаар авах үйлчилгээний хөлсийг ашигт малтмалын газрын Төрийн сангийн  дансанд төлнө. Хураамжийн тухайд долоон хоног нэвтрэх эрх нь 500 мянга, нэг сар нэвтрэх эрх нь хоёр сая төгрөг байна. Системд хэрхэн хандах талаарх хоёр удаагийн сургалтыг ашигт малтмалын газраас явуулна.

- Өргөдлөө авсны дараа хэдий хугацааны дараа тусгай зөвшөөрлийг олгож эхлэх вэ?

- Өргөдлийн материалыг авахад ердөө 15-30 минут зарцуулна. Хуулийн хугацаанд өөрчлөлт оруулаагүй.

Б.Энхзаяа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(27.123.214.114) 2015 оны 01 сарын 20

Taalagdsangyi.

0  |  0
Top