Засгийн газар нэг дор хоёр ч бүдрэв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Өнгөрч буй долоо хоног Засгийн газрын хувьд барцадтайхан өнгөрч байна.  Учир нь Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгийн тухай хууль парламентийн хэлэлцүүлгийн үеэр бүдэрчихлээ.  Ерөнхий сайд нь Сангийн сайдтайгаа хавсарч байгаад 2015 онд цалин тэтгэврийг нэмэхгүй гэж мэдэгдээд байсан ч УИХ дахь намын бүлгүүд  дэмжсэнгүй. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэхээр болж байна.  Мөнгө гаргая гэвэл эх үүсвэр олддогийг энэ жилийн гурван талт хэлэлцээрийн үр дүн харууллаа. 

Ч.Сайханбилэгийн ялгавартайгаар олгоно гэж мэдэгдээд байсан хүүхдийн мөнгө, мөн одонтой эхчүүдийн мөнгийг хасах тухай санал иргэдийг хамгийн их бухимдуулж байсан. Даарин дээр давс нэмж байгаа шиг араас нь монголчуудын хамгийн түгээмэл хэрэглээ болоод байсан “Приус” маркийн машины татварыг гурав дахин нэмэгдүүлэх  төсөл өргөн барьсан. Гибрид, утаагүй байгальд хамгийн ээлтэй, түлш бага зарцуулдаг гэхчлэн хамгийн эерэг тодотголтой энэ машины хэрэглээг ингэж  боомилсон нь энэ Засгийн газар “Би үхэхээс чи үх” гэдэг шиг иргэдийнхээ  халаасыг  хэтэрхий гүнзгий тэмтэрч  эхэлсний дохио  болсон билээ.

Өмнөх долоо хоногийн нэг онцлох үйл явдал гэвэл Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг өргөн барьсан явдал байв.  Эдийн засгийг эргэн тэнхрүүлэхэд энэ хууль онцгой ач холбогдолтой хэмээн  тодотгож байгаа.  Хуулиар зөвхөн татварын өршөөл үзүүлэх төдий бус. Эдийн засгийн өршөөл гэсэн нэрнээсээ хүртэл хүрээ цар нь мэдрэгдэж байна. Энэ хуулийн зохицуулалтаар энд тэндхийн оффшор бүсэд нээсэн дансыг ил тод болгоно гээд байгаа.  Хуулийн төсөл энэ долоо хоногт парламентаар хэлэлцэгдэнэ. Хэрэв хууль батлагдвал наанадаж 4-5 тэрбум ам.долларыг ил болгож, эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн урьдчилсан тооцоо бий.  

Оны дараа эхэлсэн Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт үргэлжилж асуудлуудаа нарийвчлан хэлэлцлээ. Энэ хэлэлцээ Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулах болон хөрөнгө оруулалт, эдийн засгийн нэг хэл буюу олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл, Чалкогийн өр гэхчлэн  асуудлын эргэн тойронд ярилцсан гэх мэдээлэл байна.

УИХ дахь МАН-ын гишүүд сар бүр унааны зардал болох 500 мянган төгрөгөөсөө татгалзаж байгаагаа мэдэгдсэн нь өнгөрөгч долоо хоногийн сайн мэдээнүүдийн нэг байлаа. Ингэснээр тэд улсын төсвөөс 150 сая төгрөгийг хэмнэхээр болж байна.  Хэрэв УИХ-ын гишүүд бүгд унааны зардлаасаа татгалзаж чадвал төсвөөс хагас тэрбум  шахам төгрөг  хэмнэнэ гэсэн тооцоо байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр  УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж  “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулах”-ыг үүрэг болголоо. Ажлын хэсэгт ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оролцож байсан УИХ-ын долоон гишүүнээс гадна МҮАН, ИЗНН-ын гишүүд багтаж, нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Ингэснээр ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд их бага хэмжээний өөрчлөлт орох нь тодорхой болов.

Улс төрийн амьдрал нэг иймэрхүү дүр төрхтэй өнгөрсөн бол долоо хоногийн сүүлчийн буюу амралтын өдрүүдэд  аваар осол гарч эрдэнэт хүний амь сүйдсэн эмгэнэлт явдал болов. Өнгөрөгч бямба гаригийн өглөө Налайхын замд хүн тээвэрлэж явсан микро автобус  гүйцэж түрүүлэх гэж байгаад осол гаргаж хоёр ч хүний амь үрэгдэж, арваад хүн гэмтэж бэртжээ. Мөн өдөр Налайхын уурхайд хүн дарагдаж нас барсан харамсалтай явдал болжээ.

Спортын ертөнцөд монголчууд олз омог ихтэй байна. Японы сумогийн шинэ оны анхны башёд Хакуко  илт илүүрхэж  түүхэн дээд амжилтыг эвдэхэд ойрхон очоод байгаа бол Улсын заан Санжаадамба Өвөрмонголд болсон барилдаанд түрүүлж хагас кг гулдмай алтаар шагнуулсан сайхан мэдээ энэ долоо хоногийн угтал болов.

П.Булган

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top