Түм түжигнэж бум бужигнадаг хамгийн их хөл хөдөлгөөнтэй “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. Сар гаруйн өмнө тус худалдааны төв шинэ жилийн гацуур, гоёл чимэглэл, саа, тоглоомоор дүүрэн байсан. Харин одоо бол Сар шинийн баярт зориулсан худалдаа, наймаа ид өрнөж байна. Яг өнөөдрөөс тоолбол нэг сарын дараа Цагаан сарын шиний нэгний өдөр тохиож байна. Бид энэ удаа Цагаан сарын гоёлоо сонгох гэж буй танд зориулан үндэсний дээл, хувцас, түүнд ордог материалууд ямар үнэтэй байгаа талаар сурвалжиллаа.
Пүүсүү хамгийн эрэлттэй байна
Уламжлалт баяраар нэг хэсэг гадаадын үнэтэй брэндээр гангарч бэл бэнчингээ гайхуулдаг байсан бол сүүлийн хэдэн жил монголчууд үндэсний хувцасаараа гоёх нь элбэг болсон. Тэгээд ч өөрийнхөө хүсэлд нийцүүлье гэвэл сонголт өргөн, олдоц нь ч элбэг болжээ.
"Нарантуул" захад дээлийн торго, даавуу, эмжээр бүгд бий. Энд дээлийн торго чанараасаа шалтгаалж нэг метр нь 3.000 төгрөгөөс эхлэн 60.000 төгрөгийн хооронд үнэтэй байгаа бол, дээл хийх даавууны хувьд харьцангуй хямд буюу 8.000 төгрөгөөс 30.000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин кашмеран материал нэг метр нь 10.000 төгрөгөөс эхлэн 85..000 төгрөг хүртэлх үнэтэй. Энд хамгийн эрэлттэй нь пүүсүү бөгөөд метр бүр нь 5.000-20.000 төгрөгний үнэтэй байгаа нь мөн л чанараасаа шалтгаалж байгаа аж. "Нарантуул" захын дээлний материалын тасаг сонголт ч арвин, худалдан авагч ч их байлаа.
Хос дээл моданаас гараагүй
Бэлэн оёсон янз бүрийн загвартай, өнгө өнгийн дээл бэлэн хувцасны хэсэгт өлгөөтэй ярайна. Дээлийн тасаг хамгийн их хөл хөдөлгөөнтэй байгаа бөгөөд хос дээл өнгө, материал, загвар, хийцээсээ шалтгаалаад маш өргөн сонголттой байна. Гэр бүлээрээ нэг өнгийн эсвэл ижил загварын дээлээ хослох явдал сүүлийн жилүүдэд “мода” болоод байгаа нь эндээс харагдана. Тиймээс эрэлтэд нийцсэн бараа зарахаа худалдаачид харин ч нэг сайн мэднэ. Хос дээлийн үнийн хувьд 300 мянган төгрөгөөс эхлээд 450 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин дан дээл болон "загварын" дээлийн хувьд 85.000 төгрөгөөс дээш 350 мянган төгрөгийн хооронд байгаа нь мөн л чанараасаа шалтгаална.
Ээж ааваасаа дутахааргүй гангардаг хүүхдийн дээлний хувьд бас л материал, хийцээсээ шалтгаалаад үнэ нь өөр өөр байгаа бөгөөд хамгийн хямдхан нь 35.000 төгрөгөөс эхлээд хантааз нэмэгдвэл дээд тал нь 85.000 төгрөг болж байна. Хүмүүс гадаах хүйтнийг ч ажралгүй дээлээ сонгон, тольдоцгоож байлаа.
Булган малгай, ширэн бүс, гар хийцийн гутал...
Дээлээр гоёно гэвэл малгай, бүс, гутал гээд олон хувцас хэрэгсэл авах болдог. Хөгшин, залуу гэлтгүй дээлийнхээ өнгөтэй хослуулан бүрх малгай донжтой гэгч нь тавьчихаад алхаж байгаа нь улам өнгөтэй харагдуулдаг. "Нарантуул" захад малгай л гэхэд төрөл, төрлөөрөө, байхгүй өнгө гэж алга. Загварын хувьд ч сонголт их.
Энд нэг бүрх малгай 25000-30000 төгрөгийн үнэтэй байгаа бол хосоор нь авбал илүү ашигтай 50000-55000 төгрөгөөр хямдруулан өгч байна. Харин булган малгай харьцангүй үнэтэй. Булган малгай ганцхан сар шинийн гангараа бус өвөл цагийн өнгөтэй гангарааны нэг. Үнэ нь 150000-350000 төгрөгийн хооронд байна.
Дээлийн бүсний хувьд тоногтой, тоноггүй, арьсан, ширэн, өргөн, нарийн гээд мөнгө л байвал бүгд байна. Эрэгтэй бүсний хувьд орц, хийцээсээ шалтгаалаад 25000-50000 төгрөгний үнэтэй байгаа бол эмэгтэй бүс 25000-40000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм.
"Нарантуул" зах дээр гар хийцийн гуталны гурван ч тасаг ажиллаж байна. Энд монгол гуталны үнэ харилцан адилгүй. Эрэгтэй, эмэгтэй гэсэн сонголт байхгүй бөгөөд үнийн хувьд 100.000 төгрөгөөс 600.000 төгрөгийн үнэтэй байгаа нь цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэдийн хувьд их тоо.
Монгол гутал нь гар хийцийн, үйлвэрийн оёдолтой гэсэн хоёр янз байх юм. Гар хийцийн гуталны хувьд оёдол, хийц, хээ угалзаасаа шалтгаалаад харьцангүй үнэтэй байна. Харин үйлдвэрийн буюу машины оёдолтой гутлын хувьд арай хямд харагдана. Монгол гуталны утга учир нь гарын хийц, хээ угалз шингэсэн нь илүү үнэ цэнэтэй байдаг байна. Нэг монгол гутал нэг насны хэрэглээ гэдэг дээ.
Дээлийн оёдолчид "хаданд" гарчээ
Сар шинэ дөхөхөөр дээл хийдэг оёдолчид "ховрын бараа" болох юм. Бүх оёдолчид дээл хийх чадваргүй тул чаддаг нь тэнгэр харан аманд багтсан үнээ хэлдэг гэхэд хилсдэхгүй байх. Өөрийнхөө хүсэлд нийцүүлэн дээл хийлгэх хүсэлтэй хүмүүс олон байдаг тул тэдний хэлсэн үнийг өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Одоогийн байдлаар хамгийн хямдхандаа энгийн дээлийг материал нь орохгүйгээр 65000 төгрөгөөр оёж байна. Харин чамин, дэгжин загвартайг нь 150.000 төгрөгөөр оёно гэж дуугарч байлаа. Хүүхдийн дээлийг материал нь оролгүйгээр 25000-60000 төгрөгийн үнэ ханштайгаар оёно гэв. Ганц "сезон" ордог үеэрээ дээлийн оёдолчид "чадаж байгаа юманд арга байхгүй" гэдэг шиг л дуугарч байлаа.
Иргэд жил бүрийн баяраар юмны үнэ нэмэгддэг гэж толгой сэгсэрч байсан ч жилд ганц тохиодог баяраараа мөр бүтэн явахын тулд мөнгөө хайрлахгүй байна. Цагаан сарын гангараа чинь таны хэтэвчин дэх хэдтэй "тохирч" байна уу?
Д.Солонго
Сэтгэгдэл ( 6 )
сурвалжилга гэж бичнэ шүү дээ. олон нийт унших зүйлийг алдаагүй бичиж байвал зүгээрсэн
Цагаан сараар мөнгө бэлэглээд болоо.Их нэрэлхээд байвал боодлоор нь бэлэглэнэ биз.Цаад хүн хариу барина .Хэнч хохирохгүй.Бараа бэлэгэнд авхад Эрээний авгай хожино.Хожихдоо манай хоёроос хоёулангаас нь хожино.Бод бод.
eh ornii baraa aviya geheer denguu unetei umaa.tegeheer yaj hun avahiin be...
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР , МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮