Онцгой албан татвар дотоодод долларын эрэлтийг нэмэгдүүлдэг

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  гишүүдийг талцуулж эхлээд байна. Үүнийг дагалдан  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төсөл ч өргөн баригдаад байгаа юм.

Эдгээр хуулийн төслийг уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед боловсруулсан ч Ч.Сайханбилэгийн үед өргөн баригдаж байгаа нь энэ билээ. Анх энэ хуулийн төслийг өргөн барих үеэр  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  нэлээдгүй бухимдалтай байсныг санаж байгаа байх. Тэрбээр “Энэ хуульд өөрчлөлт оруулснаар онцгой албан татвараар дамжиж улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ 60 гаруй тэрбум төгрөгөөр буурна. Энэ бол цаагуураа том лобби явж байгаа хэрэг. Улсад 60 гаруй тэрбум төгрөг төлснөөс 10 хувийг нь авлигад өгчихсөн нь хялбар тусна. Хэн нэгний лобби орсон хууль гэж би үзэж, байна, хууль батлагдсан нөхцөлд Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна”  гэж хатуухан сануулга өгч байсан. Ийм санаа бодолтой гишүүд  цөөн биш. О.Баасанхүүгээс эхлээд бие даагчдын бүлгийнхэн энэ хуулийг  “лоббины” хэмээн тодотгож байгаа. 

Хуульд өөрчлөлт оруулснаар онцгой албан татвараар дамжиж улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ 60 гаруй тэрбум төгрөгөөр буурна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ дахь бие даагчдын зөвлөлийнхэн Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллалаа. Тэд иргэдтэй уулзах үеэрээ энэ хуулийн төслийн талаар санаа бодлоо илэрхийлж  “Өнөөдөр  жирийн иргэд, жижиг аж ахуй нэгжүүд татвараа 1900-аар тооцож төлж байхад, томоохон архи, тамхи үйлдвэрлэгч компаниуд нэг ам.долларыг 1450  төгрөгөөр тооцож татвар төлөх ийм л шударга бус зарчим үйлчилж байна ” гэж мэдэгджээ.

Хуульд ямар өөрчлөлт оруулж байгааг та лав анзаарсан байх. Энэ өөрчлөлтөөр импортын архи тамхинд ногдох татварыг ам.доллараар тооцож авч байсныг төгрөгөөр тооцдог болж байгаа юм. Ингэснээр бүх аж ахуй эрхлэгчдэд эрх зүйн нэг орчин үйлчилнэ гэж үзэж буй. Тэгээд ч Монгол Улсын  нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа төлбөр тооцоог зөвхөн  төгрөгөөр гүйцэтгэж байх хуультай.  Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ч.Улаан нарын хэлсэнчлэн энэ хууль “Хуулийн зөрчлийг арилгах талаасаа дээрх өөрчлөлт оруулах нь зөв”  гэж харах хүн олон байна.

Энэ хууль батлагдснаар ханшийн зөрүүгээс хамаарч 60 орчим тэрбум төгрөгөөр татварын орлого буурах юм. Тийм бол заавал энэ хуулийг батлах гээд байх шаардлага байна уу гэсэн асуулт араас нь дагалдана. 

Монголд автомашин, бензин шатахуунаас гадна ашигт малтмал, хайгуулын лицензийн төлбөрийг мөн ам.доллараар авдаг

Онцгой албан татварыг ам.доллараар төлж байгаа нь дотоодод долларын эрэлтийг нэмэгдүүлж ханш өсөхөд нөлөөлж байна гэсэн шүүмжлэл хэдэн жилийн өмнөөс л яригдаж ирсэн. Тухайлбал, зөвхөн татвар төлөх шаардлагаас улбаатай 40-45 сая ам.долларын зохиомол эрэлт бий болдог гэлцэх юм билээ.  Гэхдээ энэ бүхэн бол зөвхөн архи тамхиных биш юм. Монголд автомашин, бензин шатахуунаас гадна ашигт малтмал, хайгуулын лицензийн төлбөрийг мөн ам.доллараар авдаг.

Тэгэхээр татварыг төгрөгөөр тооцох  хуулийг батлах нь зөв ч улсын төсөв хүндэрсэн, эдийн засгийн фронтод танаж  хасах  “давшилт” эхэлсэн ийм үед хэрэгжүүлж эхлэх нь харин хэр зэрэг цагаа олсон шийдвэр вэ гэдэг дээр асуудал байж мэдэх юм. Хуулийг хэрэгжүүлэхдээ онцгой албан татвар төлөгчдөөс нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож  авахаар тусгаад байгаа юм. Харин бусад импортын татварыг 1900 төгрөгөөр тооцон авч байгаа нь санал зөрөлдөөн маргалдааны гол бай болоод байгаа юм. Ингэж ханшийн тооцоонд тэмээ ямаа шиг ялгаа тогтоож өгсөн нь архи, тамхи импортлогчдыг бодлогоор дэмжиж байна гэх хар сэрийг төрүүлж байгаа юм. 

Монгол Улс өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй. Тус улсын нутагт бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дан ганц үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хуультай. Ийм байсаар байтал нэг хэсэгт нь ам.доллараар татвар тооцож байсан. Одоо үнийгээ засч залруулъя гэж байна. Харин тэр ханшийн ялгааг яахаараа тэгж  ялгаж салгаад байгаагаа хууль тогтоогчид  хэлэх биз ээ.

П.Булган 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.126.89.176) 2015 оны 01 сарын 20

Татвар бүгд л төгрөгөөр хийгдэх нь зөв. Харин архи тамхины тухайд татварыг нь нэмэхэд нийгмийн зүгээс эсэргүүцэх зүйл үгүй ш дээ.

0  |  0
Top