Шинэчлэлийнхний эхлүүлсэн “Шинэ сумын төв” төсөл үргэлжлэх үү

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат саяхны нэг ярилцлагадаа “Хамгийн эхлээд “Шинэ сум” төслийг болиулах ёстой. Өнгөрсөн онд гэхэд соёл, урлагийн 29 төвийг хөдөө орон нутагт барьж өгч. Мянга хүрэхгүй хүн амтай, жилдээ хоёрхон удаа ашигладаг сумд соёл урлагийн төвөөр яах юм бэ. Орчин үед сумын Улаан булан гэдэг хоцрогдсон байшин болсон байна. Хэн ч тийшээ зорьж очиж, юм үзэх шаардлагагүй болсон” хэмээн дурджээ. Үнэн амьдрал энэ л дээ.

Тэрбээр Эдийн засгийн дэд сайд байх үедээ ч “Эдийн засгийн байдал уруу дорой байхад “Шинэ сумын төв” төслөөр юугаа хийх вэ. Энэ төсөл бол ганц нэг хүмүүсийн тойрогтоо хийж буй үр ашиггүй зүйл. Ийм зүйл хийж байхын оронд үйлдвэрлэлд мөнгө гаргаад, орон нутагт ажлын байр бий болгооч”  гэж байсан билээ.

Энэ сануулгад авч гээхийн ухаанаар хандах учиртай  байх.  Ийм санал бодолтой хүн цөөн биш. Шинэчлэлийн Засгийн газар гурван суманд “Шинэ сумын төв” төсөл хэрэгжүүлсэн. Тэдгээр нь Баянхонгорын Баянлиг, Бууцагаан, Дорноговийн  Замын-Үүд сум. Энэ төслийн автор нь Х.Баттулга. Тийм ч болохоороо тойргийнхоо хоёр сумыг тордсон нь энэ байх. Төслийн хүрээнд сумын ЗДТГ-ын конторын барилга, сургууль, дотуур байр, цэцэрлдэг, хүн эмнэлэг, Соёлын төв зэргийн байрыг Канад технологиор барьж байгуулсан. Тухайлбал, Баянлиг суманд гэхэд  24 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль гэхчлэн баригдсан байна билээ. 

Сурагчдын дотуур байрны хүрэлцээ сайжирч цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 40 гаруйгаар нэмэгдэж, 160-д хүрнэ гэсэн мэдээллийг Баянлиг сумын Засаг дарга өгч байсан юм даг.  

Анх энэ гурван сумын шинэчлэлд  улсын төсвөөс 2013 онд 35 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байсан ч Баянлигт 14,7, Бууцагаанд 14,9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан тухай мэдээлэл буй. Тэгэхээр Замын-Үүдийг шинэчлэх хөрөнгийн хэмжээ чамгүй өсөхөөр харагдаж байгаа юм. Замын-Үүд бол Монголын урд хилийн хаалга, эх орны нүүр царай эндээс эхэлж харагдах ёстой  гэсэн утгаараа хөгжлийн бодлого түлхүү төвлөрөх учиртай газар яах аргагүй мөн.

гурван сумын шинэчлэлд  улсын төсвөөс 2013 онд 35 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байсан ч Баянлигт 14,7, Бууцагаанд 14,9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан тухай мэдээлэл буй

Шинэчлэлийн Засгийн газрын дагуулж ирсэн “Шинэ сумын төв” төслийг хөдөөд хандсан хөгжлийн бодлого хэмээн тодотгож болно.  Бүрэн эрхийнхээ хугацаанд  100 сумыг шинэчлэхээр зорьж буй. Өнгөрсөн жилийн тухайд 16 аймгийн тус бүр нэг сумыг дээрх шинэчлэлд хамруулахаар тооцож улсын төсөвт 80 тэрбум төгрөг суулгасан. Өөрөөр хэлбэл, нэг суманд таван тэрбум төгрөг хуваарилсөн бөгөөд  энэ нь зөвхөн инженерийн нэгдсэн шугам сүлжээнд төсөвлөгдсөн хөрөнгө. Эхлээд дэд бүтцийг нь байгуулаад дараа нь байшин савыг нь барихаар тооцож байгаа юм билээ. Сумын төв гэж тал дээр тарсан таван байшин, төлөвлөлт зохион байгуулалт талаасаа өрөөсгөл, бас үрэлгэн тал нь дэндсэн ийм л газар. Харин үүнийг төвлөрүүлж, инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбох нь  энэ төслийн чухал хэсэг гэж байна.

Шинэ сумын төв төслийг эхэлж хүртэх аз тохиосон Баянхонгорын Баянлиг сум 3500 гаруй хүн ам,  1000 гаруй өрхтэй сум. Сумын төвдөө сайндаа хагас мянга хүрэхгүй өрхтэй. Бууцагаан ч бас ийм орчим. Баянлигийн шинэ эмнэлэг 24 ортой ч энэ хүчин чадлаа хэзээ ч ашиглаж чадахгүй гэж нутгийнхан ярьж байсан. Тэд эрхбиш гадарлаж байгаа байлгүй.

Тус сум гэхэд эдүгээ эмнэлгийн гурван ч барилгатай болчихоод байна. Эхнийх нь 1970-аад оны дундуур баригдсан бол дараагийнх нь ашиглалтад ороод нэг их удаагүй гэнэ. Харин гурав дахь барилга нь мөнөөх төслийн хүрээнд баригдсан 24 ортой эмнэлэг.  

Түүнчлэн тус сум баригдаад удаагүй хоёр давхар сайхан соёлын төвтэй. Одоо шинэ сумын төвдөө дахиад нэг бүр ч том соёл, спортын  төвтэй болсон байна. Нэг газар нь ийн илүүдэж байхад  нөгөө талд аль 1940-өөд оны балгасыг соёлын төвөөр ашиглаж байгаа Дорнодын Матад мэтийн сум бий. Нэг газар нь илүүдэж нөгөө хэсэгт нь дутаж байгаа  бол “хуваарилалт нь шог” болсны шинж.  Баянлиг, Бууцагаан сумынхан сонгууль бүрээр АН-ыг дэмждэг, тэр дундаа Х.Баттулга гишүүний "фэнуүд" гэж амаа билүүдэх хүн цөөнгүй таарч байна билээ.   

Тиймээс шинэ сумын төв төсөлд эхлэн хамруулсан нь Х.Баттулга гишүүний  аяганы хариу гэх аж.

Нэг газар нь илүүдэж нөгөө хэсэгт нь дутаж байгаа  бол “хуваарилалт нь шог” болсны шинж

Сүүлийн үед төсвийн хөрөнгө оруулалт улстөрийн өнцгөөр шийдэгдэж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс илүү бизнесийн асуудал болоод хувирчихлаа гэсэн шүүмжлэл сонсогддог.  Шинэ сумын төв төсөл ч бас иймэрхүү өнгө аясаар хийгдсэн гэж яригддаг.

Хэрэв энэ янзаар бол улстөржсөн сонголт хөдөөгийн хөгжлийн жигд тэнцвэртэй байдлыг алдагдуулж мэдэхээр байгаа юм. 

Монгол Улс 330 гаруй сумтай. Хаяа хаяагаа дэрлэсэн энэ олон сум гэж хөгжиж дэвждэггүй, тэртээх он жилүүдийн тэр л янзаараа  суурингууд бий. Нэг хэсэг нь бараг эзэнгүйдэж орхигдсон гэхэд хэтрүүлэг болохооргүй.  Мөн хэдхэн зуун хүн амтай сум ч бий. Дундговийн Цагаандэлгэр гэхэд 670 гаруй хүнтэй бол Төв аймгийн Архууст сум 900 орчим хүний данстай ч  суурин байдаг нь бүр цөөн гэсэн.

Төв аймгийн Сэргэлэн суманд 2012-2013 оны хичээлийн жилд 350 хүүхдийн багтаамжтай сумын сургуульд нь 48 хүүхэд суралцдаг, нэг ангид 6-11 хүүхэд суудаг хэмээн дуулдаж байсан.  Мөн  хоорондоо 20,30 хан км-ийн зайтай саахалт сум ч олон бий.  Тухайн сум олон цөөн хүн амтайгаасаа үл  хамааран байх ёстой дарга даамлууд нь бүгд орон тоогоороо, төсвөөс авдгаа адилхан авдаг.  Сумын төвийг нэгтгэх, зарим нэгийг нь татан буулгах тухай яриа олон жилийн өмнөөс дуулдсан ч аль ч Засгийн газар барьж авч зүрхлэлгүй өдий хүрлээ. Үнэндээ эхлээд сумынхаа тоо, байршил зэргээ оновчтой болгож баймаажин Шинэ сумын төв мэтийн  төслөө хэрэгжүүлэх нь зөв баймаар.

Хөдөөгийнхөн дасч идээшсэн газраа ая тухтай амьдрах нь төвлөрлийг сааруулах нэг боломж нь Шинэ сумын төв  төсөл ч гэлээ хэрэгжүүлэх цаг үе нь мөн эсэхэд эргэлзэх энэ мэт шалтгаан байна.

П.Булган 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(49.0.161.249) 2015 оны 01 сарын 24

Ene henii ch sanaagyi zuv tusul heregjeed yrgeljleeseidee.

0  |  0
bb(176.219.164.109) 2015 оны 01 сарын 23

Injenerıın asuudlııg shııdeed aıl burt nı us ırchıhvel yadaj humuus usandaa orood hashaandaa nogoogoo saadguı tarıchıh bolno. Jıjıg uıldverleluudııg demjeed hıısen buteegdehenuunııg nı oorsdoo hudaldaj avch (gadnaas talh avch baıhaar oorıınhoo sumnıı hen negnıı hıısen talhııg avaya geh met) borluulaltııg nı ıhesgeed terneesee sumıın nootsondoo tatvaraa av. Avsan tatvaraasaa 1 km ch boltugai saıhan zam tavıul, aıl orhuudııg havar bolgon hashaa horoonııhoo uzemjııg saıjruulah uureg og.. Shıne sumıın tov enenees l ehleneç Hereglegchguı heden hooson barılgaar? shal demıı haıran mongo!

0  |  0
bb(176.219.164.109) 2015 оны 01 сарын 23

Injenerıın asuudlııg shııdeed aıl burt nı us ırchıhvel yadaj humuus usandaa orood hashaandaa nogoogoo saadguı tarıchıh bolno. Jıjıg uıldverleluudııg demjeed hıısen buteegdehenuunııg nı oorsdoo hudaldaj avch (gadnaas talh avch baıhaar oorıınhoo sumnıı hen negnıı hıısen talhııg avaya geh met) borluulaltııg nı ıhesgeed terneesee sumıın nootsondoo tatvaraa av. Avsan tatvaraasaa 1 km ch boltugai saıhan zam tavıul, aıl orhuudııg havar bolgon hashaa horoonııhoo uzemjııg saıjruulah uureg og.. Shıne sumıın tov enenees l ehleneç Hereglegchguı heden hooson barılgaar? shal demıı haıran mongo!

0  |  0
pee(202.131.225.197) 2015 оны 01 сарын 23

ikh zuv ym bolson shuu, sumiin tuviin turiin baiguullaguud neg dooroo bas orchin iig sain burduulj ugsun. odoo ushuu olon alslagdsan sumdiig iim bolgoh heregtei

0  |  0
Top