Хятадад авлигын хэргийг илрүүлэхэд нууц амрагууд тусалж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

БНХАУ-д  авлигын хэргийг илрүүлэхэд  “бага  эхнэрүүд”  тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь тэдний хувьд харин ч ашиг орлоготой бизнес  болж хувираад байгаа гэнэ. 

Хятад улсын дарга Си Зиньпин  эрх мэдэлд ирэнгүүтээ авлига хээл хахуультай тэмцэхээ  зарласан.  Энэ тэмцэл түүний уянгын халилтай илэрхийллээр бол “Батганын эсрэг төдийгүй барын эсрэг” зохион байгуулагдах  учиртай байлаа.  Энэ нь авлигатай зарласан дайны гол хараа  жижиг авлигачдыг  төдийгүй томоохон түшмэлүүд, эрх мэдэлтнүүдийг давхар онилсон гэсэн үг. Эдүгээ энэхүү кампанит  ажил “үр жимс”-ээ хэдийнэ өгөөд эхэлчихжээ. Шүүхийн сандалд  “батгана”-аас  гадна “бар”-ууд  цөөн биш суулаа. Өөрөөр хэлбэл,  авлигын дуулиант хэргүүд ар араасаа хөвөрсөөр байна.  Харин нийгмийг ингэж цэвэршүүлэх үйлсэд хамгийн их нэмэр тус болж байгаа хүмүүс бол авлигачдын “нууц амраг”-ууд гэнэ.   Атаа жөтөө, маргах муудалцах бол амьдралд байнга л дагалдаж явдаг  сүүдэр.  Ийм шалтгааны улмаас  тэд ивээн тэтгэгчдийнхээ талаархи  “шороо тоос”-ыг  цахим сүлжээнд цацдаг.  Энэ нь тэднийг мөрдөн шалгах, эрүүгийн хэрэг үүсгэх үндэс болдог аж. Өөрөөр хэлбэл, хуулийнханд  утасны учиг атгуулж өгдөг гэсэн үг. 

Нийгмийг ингэж цэвэршүүлэх үйлсэд хамгийн их нэмэр тус болж байгаа хүмүүс бол авлигачдын “нууц амраг”-ууд гэнэ. 

Хэдэн жилийн өмнө Хятадын төрийн эрхэнд ирсэн Хятадын өнөөгийн удирдагчийн нэрийн хуудас нь авлигатай тэмцэх явдал  гэдгийг дэлхий нийт харж байгаа.  Өнгөрөгч  аравдугаар сард  болсон намын  IY бүгд хурал авлигын эсрэг, улс оронд  хууль журмыг  бэхжүүлэх уриан дор болж өнгөрсөн юм. Хятадын өндөр түвшний түшмэдүүд болон мужийн  удирдлагуудтай холбоотой  мөрдөн шалгах ажиллагаа ихээхэн дуулиан шуугиантай эхлээд байна.

Энэ дөрөвдүгээр Бүгд хурлын дараа  Хятадын Цэргийн  Төв Зөвлөлийн  орлогч дарга асан Сюй Цайхоугийн хэргийг шүүхэд шилжүүлснийг зарласан билээ. Тухайн үед  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ойрын саруудад  бүр том хэмжээний хэргийг шүүхэд шилжүүлнэ хэмээн мэдээлж байсан бөгөөд энэ нь  Хятадын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын ТХ-ны улс төр-хуулийн комиссын дарга асан Жоу Юнканы авлигын хэрэг байв. 

Түшмэлүүдийн эгнээг цэвэрлэхээр авлигын эсрэг явуулж буй өнөөгийн кампанит  ажил нь  хувь хүний ёс суртахууны асуудалтай нягт холбогдож байгаагаараа онцлог юм.

Хятадын КН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин  намын гишүүдийн ёс суртахууны хэм хэмжээнд  үл нийцсэн  алив явдалтай эвлэрэхгүй гэдгээ нэг биш удаа илэрхийлж байсан. Түүнийг  төрийн эрхэнд гарч ирсний дараахнаас намын ажилтнууд, төрийн  албан хаагчдыг  нэгэн цагт  ХКН-ын дийлэнх олонхи гишүүдийн  хэм хэмжээ, мөн чанар болж байсан “Сонгодог социализм”-ын үеийн  үнэ цэнэтэй  өв уламжлалд  сургах өргөн хэмжээний кампанит ажил өрнөж эхэлсэн нь  санамсаргүй хэрэг биш юм.  Төрийн албан хаагчдад  даруухан байж ард түмэндээ ойр дотно байхыг  сануулж байна.  Энэ сануулга амьдрал дээр ч биеллээ хэдийнэ олжээ. Тэд албаны машин унахаас татгалзаж, гадаад томилолтоо цөөрүүлж, төрийн мөнгөөр цайллага  дайллага хийдгээ больсон.

Энэ бүхнийг Си дарга өөрөөсөө эхэлсэн гэдгийг дурдалгүй өнгөрч болохгүй. Тэрбээр өөрийн цуваанд  дагалддаг  автомашины  тоог цөөрүүлж,  Бээжингийн жирийн хоолны газруудад үе үе зоог барьдаг болсон.  

Намын шударга ёс,  хууль журам  түшмэдүүдийн  “унтлагын өрөө”-нд  хүртэл нэвтэрч эхлээд байна. Сүүлийн үед дуулиан шуугиан болоод байгаа авлигын олон хэрэг илэрхэд  дарга эрх мэдэлтнүүдийн нууц амрагуудын оролцоо үлэмж их болсон. Бүр үүнээс улбаалан фань сэфу буюу “секс авлигал”-тай тэмцэх гэсэн нэр томъёо хүртэл бий болжээ. Хятадын хууль сахиулагчдын ийнхүү ор хөнжлийн асуудал руу  хараа хандуулах болсон шалтгааныг  “хоёр дахь эхнэр”-ийн асуудалтай холбон тайлбарладаг.  Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  өндөр тушаалын ихэнх авлигачид нэг  болон хэд хэдэн нууц амрагтай байдгийг нотолдог.  Энэ тухай аль эртээс л яригдсаар ирсэн.

2012 оны арванхоёрдугаар сард  «Синьхуа» агентлаг  нэгэн ноцтой гэмээр баримт нийтэлж байв. Албан тушаалаасаа огцорч байгаа эрх мэдэл бүхий түшмэдүүдийн 95 хувь нь “хоёр дахь эхнэр”-тэй байсан бол  авлигын гэмт хэрэгт холбогдогчдын 60 хувь нууц амрагаасаа болж  хэрэг үйлдсэн гэсэн судалгааг гаргажээ.  Социологчид хүмүүсийн ийм харилцаа нь орчин үеийн бизнес- соёлын онцлогтой холбоотой хэмээн тооцдог. Өнөөдөр Хятад оронд эр хүн эхнэрийнхээ хажуугаар өөр хэн нэгэн  амраггүй бол амжилтанд хүрэхгүй гэсэн этгээд гэмээр итгэл үнэмшил ихээхэн тархсан байдаг. 

Миний хэмжээний зэрэг  зиндаатай дарга нарын дунд хэд хэдэн нууц амраггүй хүнийг олоход бэрх. Энэ бол зөвхөн бие махбодийн шаардлага биш бөгөөд  хэм хэмжээ, зэрэг дэвийн илэрхийлэл болдог. Хэрэв тийм биш бол хэн ч чамайг  чухал хүн хэмээн тооцохгүй”  хэмээн орон нутгийн удирдлагаас  огцорсон нэгэн хэвлэлийнхэнд аминчлан ярьжээ.

Өнөөдөр Хятад оронд эр хүн эхнэрийнхээ хажуугаар өөр хэн нэгэн  амраггүй бол амжилтанд хүрэхгүй гэсэн этгээд гэмээр итгэл үнэмшил ихээхэн тархсан байдаг

«Синьхуа» агентлаг хагас жил гаруйн өмнө шүүхээр шийтгэгдсэн  Хятадын төмөр замын сайд асан Лю Чизюнийг  18 нууц амрагтай байсан тухай мэдээлж байсан билээ.  Хятадад нууц амраг гэсэн ойлголтыг  “бао эр най” эсвэл “цинфу, сяосань”  гэхчлэн олон янзаар илэрхийлдэг. Ийм ойлголт, эдгээр хэллэг нь тус улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн  өнгө  дэвсгэр  болон  өөрчлөн байгуулалтын он жилүүдэд бий болсон юм.  Гэхдээ  энэ бол шинэ ойлголт бас биш. Кунзийн уламжлалд ч эд хөрөнгөтэй баян эрчүүд хоёр дахь эхнэр болон татвар эмстэй байх үзэл санаа энэ оронд  эртнээс байсаар ирсэн хэмээн үздэг.  

Гэвч зарим судлаачид  үүнийг орчин цагийн их шилжилт хөдөлгөөн болон ядуу буурай хөдөө нутгаас  хот руу чиглэсэн их “хүн урсгал”-ын  үе дэх биеэ үнэлэх нэг хэлбэр хэмээн тодотгож байна. Дэн Сяопины өөрчлөн байгуулалт  эхэлсний дараа Тайвань, Хонгконг,  Сингапураас бизнес эрхлэгчид Хятадын өмнөд зүгийн нутгуудад олноороо ирж суурьшсан нь иймэрхүү  хормойн явдалд  салхи савир нэмжээ.  Гаднаас ирсэн бизнес эрхлэгчдийн гэр бүл, эхнэр нь нутагтаа үлддэг. Гуандун зэрэг өмнө зүгийн олон хотод ирсэн бизнес эрхлэгч эрчүүдийн хувьд орон нутгийн залуу сайхан бүсгүйчүүдтэй танилцах боломж их. Ялангуяа Хятадын баруун болон хойт нутгаас ирсэн ядуу зүдүү, амьдралын боломж тааруу бүсгүйчүүд тэнд олноороо бий. Гаднаас ирж бизнес эрхлэгчдийн хувьд хоёр дахь гэр бүл, хоёр дахь эхнэрийн асуудал хүссэн хүсээгүй босч ирдэг.

 Өөрийн  ахуй байдлаа сайжруулж, эд хөрөнгөө нэмэгдүүлэх,  нийгмийн статусаа  дээшлүүлэх гэсэн залуу эмэгтэйчүүдийн тооцоо, зорилго дээр суурилсан  нууц амрагийн  “зах зээл” Хятадад өөрийн гэсэн өнгө төрхөөр төлөвшиж байна.

Британийн сэтгүүлч  Жеймс Палмер ийм нэгэн эмэгтэйтэй танилцсан тухайгаа дурджээ. 26 настай Шаньшань бүсгүй  Сычуань мужийн хөдөө нутагт  төржээ. Тэндээсээ мужийн төв Чэнду хотод шилжин суурьшиж,  нэг томоохон зочид буудлын караокид  “хамтрагч”-аар ажиллажээ. Тэр зочдыг дагалдаж, дуулж тэндээсээ унтлагын өрөө рүү очих үүрэгтэй. Ингэж байхдаа тэр Бээжин хотын улсын мэдлийн нефтийн компанийн менежерийн  хараанд өртжээ. Бүсгүй эдүгээ Бээжин хотод 410 мянган ам.доллараар үнэлэгдэх  тансаг зэрэглэлийн түрээсийн  орон сууцанд амьдарч байна.  “Ах” хэмээн нэрлэсэн түүний  ивээн тэтгэгч нь чөлөөт цагаараа ирж сатаарна.  Үүнээс гадна сар бүр байрныхаа мөнгийг төлүүлнэ, 20 мянган юань буюу 3260 орчим ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэг сэлт, тэтгэлгийг сар бүр авдаг. Шаньшань “бага эхнэр”-үүдийн тогтсон үнэлэмж  жишгийн нэгэн адил олон өрөө бүхий тансаг байранд амьдарч байна. Ийм байх нь бараг стандарт болж хэвшсэн байдаг.  Томоохон хотуудад  нууц эхнэрүүд хангалттай тансаг байранд амьдардаг. Шэньчжэнд гэхэд  орон нутгийнхны  “бага эхнэр”-үүдийн хэмээн нэрлэгдсэн  бүхэл бүтэн  хороолол бий.

Хэдий ийм ч “бага эхнэр”-ийн мэргэжил эрсдэлтэй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн онцолжээ.  Тэдний хооронд  эд хөрөнгийн маргаан, санхүү зэргээс үүдэлтэй маргаан үе үе дэгддэг. Маргаан сөргөлдөөн бүхэн сайн юмаар төгсдөггүй.  Нөгөө талаас аюултай  өрсөлдөгчид олон. Ивээн тэтгэгчдийн эрэлт их гэсэн үг. Үүнээс үүдсэн хардалт сэрдэлт олон нийитийн сүлжээнд “Ах” нарынхаа  эсрэг  элс цацахад хүргэдэг байна. 

Ийнхүү ивээн тэтгэгчдийнхээ “Но”-г  нийгмийн сүлжээгээр илчлэх нь Хятад эдүгээ ихээхэн түгээмэл болж байна.  Ямар сайндаа л “Авлигатай тэмцэх ажлыг түшмэлүүдийн нууц амрагийн дэмжлэгтэйгээр явуулах” тухай ойлголт  энэ улсад түгэн дэлгэрч байх билээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар илэрч буй хээл  хахуулийн хэргийн 15-аас багагүй хувийг  дарга түшмэд нарын  нууц амрагуудын тусламжтайгаар илрүүлсэн тухай мэдээлжээ.

П.Булган

Эх сурвалж: http://politobzor.net//

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.176) 2015 оны 01 сарын 27

Монголд ч адилхан л байгаа. Манай авлигачидп яаж зүгээр байв гэж...

0  |  0
zochin(103.229.123.99) 2015 оны 01 сарын 26

Manai ulsad heregtei turshlaga bn da

0  |  0
Top