Пибоди Энержи санхүүгийн хүндрэлд оржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 05

АНУ-д төвтэй дэлхийн нүүрсний салбарын хамгийн том хувийн компани гэгдэх “Пибоди Энержи” корпораци нь “Нүүрсний салбарт дэлхийд тэргүүлэгч, нүүрсний цэвэр технологи нэвтрүүлэгч, бай­галь орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулагч” хэмээн сурталчилдаг ч бодит байдал дээр тус компанийн үйл ажиллагаанаас үүдэлтэй маргаан­тай асуудлууд байдаг талаар http://www.businessspectator.com.au өнгөрсөн оны сүүлчээр хөндөн бичиж байжээ. Тус сайт үүнийг “Пибоди Энержи ба санхүүгийн харалган менежмент” хэмээн бичсэн байна.

Тус сайтад бичсэнээр бол “Пибоди Энержи” компаниас өөрийгөө дэл­­хийн хамгийн шил­дэг менежменттэй ком­паниудын нэг хэмээн сурталчилдаг ч санхүүгийн менежментийн хувьд тааруу, тууштай бус гэж тооцогддог гэсэн байна. Тухайлбал, тус компани 2012 онд 432 сая, 2013 онд 955 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ.

Өөрөөр хэлбэл 2014 оны байдлаар “Пибоди Энержи” компани 3.7 тэрбум долларын хүлээгдэж буй төлбөр, 5.5 тэрбум долларын өр зээл, уурхайн нөхөн сэргээлтийн санд төвлөрүүлэх ёстой 700 сая долларын үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхийн төвшний том компанийн хувьд ажиллагсдынхаа тэтгэвэр ба нийгмийн халамжийн санг өнөө хэр зохих ёсоор бүрдүүлээгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлдэг. Санхүүгийн хувьд ийм хүндхэн байдалд ороод байгаа хэр нь жил бүр 92 сая ам.долларыг хувь эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тарааж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа. Цаашлаад зах зээлийн урьдач тооцоогүйгээр хэт үрэлгэн ханддаг, онц шаардлагагүй байтал шинээр орд газар худалдан авдаг, ашиггүй уурхайнуудаа ажиллуулахын тулд цахилгаан станц барьж, иргэдээс эрчим хүчний хэт өндөр төлбөр авдаг гээд “Пибоди Энержи”-гийн менежменттэй холбоотой олон асуудал бий гэдгийг businessspectator.com.au хөндсөн байна.

“Пибоди Энержи” бол үндсэндээ эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэгч. АНУ-д нийтдээ 190 сая тонн/жил олборлодог. 2011 онд Австралийн Макартур (Macarthur)  компанийг худалдан авснаар коксжих нүүрсний бизнест орсон бөгөөд Австралид нийтдээ жилдээ 38 сая тонн орчим нүүрс олборлодог байна. Үүнээс гурван сая тонн нь сайн чанарын коксжих нүүрс бөгөөд бас эдгээрийг нь зөвхөн Eaglefield (1.3 сая тонн/жил), North Goonyella (1.7 сая тонн/жил) гэсэн хоёр уурхайгаас олборлодог байна.

Товчхондоо бол, “Пибоди Энержи” нь коксжих нүүрсний зах зээлд ажилласан туршлагаараа Австралитай харьцуулахад туршлага бага.

Харин Австралийн коксжих нүүрсний бизнес нь үндсэндээ 1950, 1960-аад оноос Японы гангийн үйлдвэрүүд худалдан авах баталгаа гаргаж, Японы худалдааны компаниуд нь Австралийн коксжих уурхайн санхүүжилт, хөрөнгө оруулалт, маркетинг хариуцаж ирсэн маш их туршлагатай гэнэ. (50-60 жил)

Нөгөө талаасаа нүүрсний үнэ улам унаж байгаа нь ч  “Пибоди Энержи”-гийн санхүүгийн байдалд нөлөөлж байна.  2011 онд тонн  нь 80 доллар байсан бол одоо 45 болж унасан байна.

Мөн дулааны цахилгаан станцууд хаагдах болоод байгаа тул нийт нүүрсний хэрэглээ нь үүнтэй уялдаж буурах төлөвтэй байгааг шинжээчид урьдчилан сануулж байгаа. Тиймээс нүүрсний компаниуд хүнд байдалд орсон бөгөөд “Пибоди Энержи” нь өнгөрсөн жилд 597 сая долларын алдагдалтай  ажиллажээ. Үүнд бусад гэнэтийн алдагдлыг оруулаагүй тоо аж. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас “Peabody”-ийн хувьцаа нь сүүлийн хагас жилд 59 хувиар унасан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top