Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарт ирнэ.
Ерөнхий сайд тус аймагт ажиллах үеэрээ Улсын сайн малчны болзол хангасан Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин З.Амарсанаагийнд очиж сайн малчны цол тэмдгийг нь гардуулан өгсөн байна. Улсын сайн малчин З.Амарсанаа 20 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил 1600 орчим мал тоолуулжээ. Тэрбээр урьд нь 2007 онд сумын, 2013 онд аймгийн “Сайн малчин”-аар шалгарч байсан юм.
Байгаль, цаг уурын эрсдлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриалал болж байгаа З.Амарсанаагийн гэр бүлийн малч ухаан, хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас шалгаруулан өргөмжилж байгааг Ерөнхий сайд хэлээд, гарч байгаа хонин жилдээ мал сүргээ улам өсгөж, эрүүл энх байхыг ерөөлөө.
Ерөнхий сайд Өмнөговьд ажиллах үеэрээ мөн Монгол Улсын гурван сая дахь иргэн Хатанболдын Монголжин охинд “Хүндэт иргэн Х.Монголжин таныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулж, алдаршуулан энэхүү батламжийг олгов. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг” гэсэн бичээс бүхий төрийн батламжийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Гурван сая дахь иргэнд батламж гардуулахад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан болон албаны бусад хүмүүс байлцжээ.
Сэтгэгдэл ( 1 )
=D> =D>