Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад айлчилж байна.
Тэр эдүгээ 61 настай, 1954 онд Ленинград хотод төржээ. Тэрбээр 2011 онд “Нэгдсэн Орос” намын мандатаар Холбооны хурлын депутатаар сонгогдсон юм. Түүнийг 2008-2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргааны газрыг удирдаж байсныг уншигчид санаж байгаа байх. Үүнийхээ зэрэгцээгээр Ерөнхийлөгчийн дэргэдэх төрийн шагналын асуудал эрхэлсэн комиссыг тэргүүлж байв.
2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд түүнийг “Нэгдсэн Орос” намын бүлгээс ОХУ-ын Төрийн Думын даргад нэрийг нь дэвшүүлж сонгогдсон байна.
Түүний бага нас Ленинград мужийн Всеволожскт өнгөрсөн бөгөөд дунд сургуулиа алтан медальтай төгсчээ. Тэр радиомеханикийн мэргэжлээр Ленинградад дээд сургууль төгссөн. Хожим нь эдийн засгийн мэргэжил эзэмшсэн. Нарышкин англи, франц хэлтэй, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй нэгэн гэнэ.
Нарышкинийг “Путины хүн” гэх тодотгол дагалдаж явдаг. Хэдийгээр албан ёсны нотолгоогүй ч түүнийг 1978-1982 онд тэр үеийн Улсыг Аюулаас хамгаалах хорооны /КГБ/ 101 дүгээр сургуульд бэлтгэл хийсэн гэх мэдээлэл бий. Энд байхаас л В.Путин С.Нарышкин нар танилцаж, хожмынх нь нөхөрлөл эхэлсэн түүхтэй.
Тэр 1990-ээд оны эхээр Санкт-Петербург хотын мэрийн Эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар ажиллаж байв. Төрөлх хотдоо гадаадын хөрөнгө оруулалттай “Аж үйлдвэр, барилгын банк”-ийг удирдаж, бас “Филип Моррис Ижора” тамхины үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Тэрбээр мужийнхаа эдийн засаг, гадаад харилцаа эрхэлсэн байгууллагуудад удирдах түвшний ажил эрхэлж байгаад 2004 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргааны эдийн засгийн удирдлагын газрын орлогчоор ажиллаж ганцхан сарын дараагаас Засгийн газрын аппаратад шилжин ажиллаж удалгүй ОХУ-ын сайд бөгөөд Засгийн газрын аппаратын даргаар ажиллах болсон байна. Манайхаар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга юм уу даа.
Түүний албан тушаалын зам өдийг хүртэл ямагт өгсүүр явж ирэв. 2007 оноос ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчоор ажиллаж байсан тэрбээр Д. А. Медведевийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 2008 оноос Ерөнхийлөгчийн Засаг захиргааны тэргүүнээр ажиллаж эхэлсэн байдаг. Энэ тухайг нь "Financial Times" сонин “В.Путин Медведевийг хараа хяналтдаа байлгахын тулд” түүнийг энэ албанд илгээсэн хэмээн бичиж байсан удаатай.
С.Нарышкин гадаадын хөрөнгө оруулалтын талаар томоохон мэргэжилтэн хэмээн үнэлэгддэг. Энэ чиглэлээр 50 шахам эрдэм шинжилгээний өгүүлэл, мөн 20 гаруй нийтлэл материал бичжээ.
Түүний өмч орлогын талаархи албан ёсны мэдээлэлд дурдсанаар 2011 онд эхнэртэйгээ хамт 6.1 сая рублийн орлоготой, 5000 ам дөрвөлжин метр талбай бүхий эдэлбэр газар, зуслангийн байшин, гурван өрөө байр зэрэгтэй хэмээсэн нь буй.
Тэрбээр эхнэр, хүү охин хоёртой. Хоёр ч ач охинтой, усан спортын шаггүй тамирчин гэнэ.
Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын даргатай яриа хэлэлцээ өрнүүлж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөд байна.
Өнөөдөр төрийн ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр С.Нарышкин “...эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны асуудлаар манай хоёр орон адил төстэй байр суурь баримталдаг бөгөөд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болохуйц улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй. Өнөөдрийн хэлэлцээрийн явцад хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, түүний дотор парламент хоорондын болон улс хоорондын худалдаа эдийн засгийн, хүмүүнлэгийн салбарын асуудлыг хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр “Бид стратегийн түвшинд хөгжүүлэх дунд хугацааны ажил ид явагдаж байгаа. Энэ баримт бичигт одоогийн ололт амжилтаа тусгахын зэрэгцээ цаашдын хэтийн төлөвийг тодорхойлж өгнө” гэдгийг онцолжээ.
Айлчлал үргэлжилж байна.
П.Булган
Сэтгэгдэл ( 2 )
Manaihaas busad ulsad toriin tusheediin erdem medleg, turshlaga ,nas namba geed olon uzuulelteer garch irdag baina. Ene hunii hiij baisan ajliig, sursan mergejil medlegiig hardaa. Z.Enhbold metiin balchiruud Iim huntei uulzahdaa yaaj baidag bol yu yarihchaan boldog bol
Manaihaas busad ulsad toriin tusheediin erdem medleg, turshlaga ,nas namba geed olon uzuulelteer garch irdag baina. Ene hunii hiij baisan ajliig, sursan mergejil medlegiig hardaa. Z.Enhbold metiin balchiruud Iim huntei uulzahdaa yaaj baidag bol yu yarihchaan boldog bol