Хугацаа сунган хуралдсан УИХ битүүний өдөр намрын чуулганы хаалтаа хийв. Намаржин сандал ширээ, халаа сэлгээ, томилгоо хэлэлцсэн хууль тогтоогчид хүлээлттэй байсан ганц нэг хуулиа түргэн түүхий баталчихаад шинэлгээндээ гарав бололтой.
Ашигт малтмалын хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан бол “Урт нэртэй” хуулийнхаа ард ямартай ч гарлаа. Бидний хэлж заншснаар “Урт нэртэй “ буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль ийн таван жилийн дараа эргэн амилж байна. Энэ хуулийг тухайн үед улс төрчид “Их сайн хууль” хэмээн эрхий хуруугаа гозойлгож, гагцхүү хэрэгжүүлэх механизм дээр гацаа үүсчихээд байна хэмээн тодотгодог байсан.
Харин одоо энэхүү “сайн” хуулийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт орсноор гол мөрөн, ой, усны эх буюу экологийн хувьд ихээхэн сөрөг нөлөөтэй хэмээн тооцож байсан 320 газарт уул уурхайн олборлолт сэргэх боломжтой болно гэж үзэж байгаа юм. Харин олборлолтыг хийхдээ тогтоосон хязгаарлалтын бүсээс 200 метрээс дотогш нэвтрэхийг хуулиар хориглосон. Энэ 200 метрийн хязгаарлалт урьд нь ч байсан заалт. Анх дуулдаж байснаар Урт нэртэй хуулийн хүрээнд 1170 орчим лицензийн асуудал яригдаж байсан билээ. Гэвч эдгээрийн координатыг нарийн тогтоож ялгаж салгах ажил мандаж, энэ чиглэлээр нэлээдгүй зүйл хийгдсэн байх учиртай. Ямартай ч алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг салбарын яамд тогтоосон тухай дуулдаж байсан юм даг.
Өмнөх Засгийн үед урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 245 ашиглалтын лиценз, алтны зургаан шороон ордын зөвшөөрлийг цуцлахад хоёр их наяд төгрөгийн нөхөн олговор олгох тухай ярьж байсан. Ингэж энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд Засгийн газар хоёр их наядаар өр өглөгөө нэмчихсэн түүх бий. Харамсалтай нь улсын төсвийн орлогын гуравны нэгтэй дүйцэхүйц ийм их хэмжээний мөнгө өмнөх хийгээд өнөөдрийн Засгийн газрын алинд ч байхгүй. Иймээс гарах гарц нь Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулах явдал байсан. Шударга ёс эвслийнхэн энэ хуулиар завсарлага авч нухацтай судлах шаардлагатай гэж байсан ч ямартай ч хууль батлагдлаа.
Монголын эдийн засаг уул уурхайгаасаа бүрэн хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд энэ хууль хэрэгжиж эхэлснээр эдийн засаг идэвхжинэ. Үүнийг тодруулах үүднээс ганц нэг тоо баримтыг дурдая. Өнгөрсөн онд алт олборлогчид Монгол банкинд 13 тонн алт тушаажээ. Нийт мөнгөн илэрхийлэл нь 520 мянга орчим сая ам.доллар гэж байна. Тэгвэл “Урт нэртэй” хуулийн үйлчлэлд алттай холбоотой 218 орчим лиценз хоригт орчихоод байгаа аж. Эдгээр лицензит талбайд 130 орчим тонн алт байгаа бөгөөд үүнийг өнөөдрийн ханшаар тооцож үзвэл таван тэрбум орчим долларын бодит боломж байгаа гэдгийг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд онцолсон байна билээ. Юун Чингис бонд, түүнээс хэд дахин их үнэлэгдэх баялаг хөрсөн дор маань байгаа юм байна. Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд үндсэндээ таван тэрбум гаруй ам.долларын нөөц бодитой байгаа, 2015 онд багадаа 1.5 тэрбум ам.доллар улсын төсөвт ороод ирэх боломжтой гэжээ. Эндээс Урт нэртэй хуулийн өөрчлөлт эдийн засагт ямар олз орлого авчрахыг тоймилж болмоор байгаа юм.
Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар нүүрс, зэсийн үнэ буурсан хэвээр байна. Харин ийм үед аминд орох баялаг гэвэл алт байх боломжтой. Алтны татварын хуульд өөрчлөлт оруулснаар өнгөрсөн жил Монгол банкинд тушаасан алтны хэмжээ 13 тонн болсныг дээр дурдсан. Энэ хууль гарахаас өмнөжилд сайндаа 5-6 тонныг тушаадаг байжээ. Харин одоо “Урт нэртэй “ хуулийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулснаар энэ хувь хэмжээ магадгүй 3-4 дахин нэмэгдэх боломжтой гэж байна.
Гацууртын ордын 70 тонн алтны нөөцтэй ордыг ашиглах асуудал үндсэндээ гацаанд орчихоод байгаа. Ноён уулаа аврахаар өлсгөлөн зарлаж, УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд Ноён уулыг дархан цаазтай газар болгох хуулийн төсөл санаачилсан. Гэтэл анх Ноён уулаар өлсгөлөн зарласан Иргэний хөдөлгөөнийхэн одоо Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд оруулсан өөрчлөлтийн эсрэг өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ хэмээн ярьж байна. Хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн УИХ-ын гишүүдийн эсрэг “хориг тавих”-ыг сошиал ертөнцөөр уриалж эхэлжээ. Хаврын улс төрийн синдром Урт нэртэй хуулийн өөрчлөлт дээр дөрөөлөх бэлээхэн шалтаг болж магадгүй юм. Үүнээс гадна эх оронч популистуудын хайр халамжаа илэрхийлэх үүлэн чөлөөний нар нь энэ хуулийн өөрчлөлт байхыг үгүйсгэх аргагүй.
Энэ мэтээс харвал Урт нэртэй хууль дахиад л араасаа улс төр дагуулж мэдэх юм.
П.Булган
Сэтгэгдэл ( 2 )
Байгалиа авч үлдье, мөнгө олох зөндөө өөр олон арга байна даанч манай монголчууд маш залхуу амар аргаар мөнгө олох гэж улайраад байхийн, бодож байсан шиг мөнгө чухал биш гэдгийг хэзээ нэгэн цагт ойлгоход хэтэрхий оройтсон байх болно
Mongoliin gol nuur, oi modnuud sunuluu, alttai amidrah uu, ustai amidrah uu.