Улс төрийн “айлгах тактик”

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

  Өчигдөр эхэлсэн ИЗНН-ын Их хурлын хэлэлцэх асуудлын нэг нь тус нам Засгийн газраас гарах тухай байна хэмээн цагаан сарын дараахнаас  яригдаж эхэлсэн билээ. Энэ тухай намын дарга С.Оюун “Нэгдсэн шийдэлд бол хүрээгүй. Өмнөх Засгийн газартай ч бид хамтарсаар ирсэн. Одоогийн Засгийн газрыг цааш нь ажиллуулах боломжийг нь олгох хэрэгтэй болов уу гэж бодож байна” гэж байсан. ИЗНН хэрэг дээрээ Засагт хамтарч байгаа  гэх нэрнээс нэг их хэтрэхгүй, БОНХЯ-нд нэг дэд сайдын суудалтай. Гэхдээ л тэд Засгаас гарна гэвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газарт  хуй салхи дэгдээгээд амжина.

  Өнөөгийн Засгийн газрыг УИХ-д суудалтай бүх намууд хамтран байгуулсан болохоор “Бүдүүн эвсэл”-ийн хэмээн шоглох тодотгохын хооронд нэрлэдэг. Эрээвэр хураавар, намын лоббигоор бүрдсэн ийм Засгийн газар нэгдмэл нэг зорилго, эв нэгдэл  талаасаа бол эмзэг хэврэг гэдэг нь тодорхой. Аль нэг намаас зүүгдэж албан тушаал атгаж авсан сайд нар улс орны нэгдмэл нэг эрх ашиг гэхээсээ илүүтэй намын захиа даалгавар, лобби, хамтрагчдаа аль болох муухай харагдуулахыг илүүтэйд үзнэ. Хүний хүн хүрэн бөөртэй гэдэг шиг наанаа мянга сайхан ярьж байвч санаа сэтгэл нь намын эрх ашигт л хөтлөгдөж байгаа. 

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа МАН-ы гарт байсан учраас  тэр айх айдас нь АН-ыг сөрөг хүчинтэйгээ хөнжилд хамт орох шалтгаан болсон.  

 

Бялуу хүртэх, хувааж хүртэх сонирхолдоо хөтлөгдөж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа АН Засгийн эрхийг дангаараа барихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэд МАН-д хайртайдаа ч ийм шийдвэр гаргаагүй юм.  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа үндсэндээ МАН-ы гарт байсан учраас  тэр айх айдас нь АН-ыг сөрөг хүчинтэйгээ хөнжилд хамт орох шалтгаан болсон юм. МАН ч тэднийг хэрхэн айлгаж арга мэхэндээ оруулахаа мэдэлгүй яахав дээ. 

  Ч.Сайханбилэгийг  Ерөнхий сайдын хувиар телевизийн шууд ярилцлагад орох үеэр зарим үзэгчид зоригтой шийдэмгий байхыг сануулж байж билээ. Үнэхээр түүнд айх болгоомжлох шалтгаан олон байв. Урьдын хамтрагч  “Шударга ёс” бүлгийнхэн  МАН-тай хамтарсанд нь тийм ч таатай хандаагүй,  ханилж явсан нөхрөө ганзаглаанд  дайж, өөр намтай  хүзүү толгой холбосонд нь дургүй байв.  Гуйлгуулж, урьж залуулан байж Засагт хамтарсан МАН-ынхан  аманд багтсан албан тушаал нэхэж, барьцаа улам чангалсаар байсан.  Тэд Ерөнхий сайдыг “судсыг атгах” бэлээхэн  жор,  айлгаж арга эвэндээ байлгах тактиктай.  Тэр нь юу гэвэл Засгаас гарах тухай сануулга юм. 

Хамтраад гурван сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч Засгаас гарах тухай хатуухан сануулга хэдэнтээ ирлээ.  2015 он МАН-ын хувьд Засгаас гарах хатуу сануулгатай эхэлж байсныг санаж байгаа байх. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, хөрөнгө оруулалт саарсан, валютын ханш чангарч байгаа ийм үед зээлийн асуудлыг сөхөж тавьсаныхаа төлөө  “Өр нэмбэл МАН Засгаас гарна” гэсэн  хариу сонссон бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ч.Сайханбилэг гарын  үсэг зурж, засаг байгуулсан зүйлээсээ ухарвал МАН засгаас гарахаас өөр гарцгүй байдалд орно"  хэмээн зүрхийг нь зүссэн удаатай.

Засагт  хамтарсан намууд  Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг  боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр үеэр санал зөрөлдөөн гарав. АН “Эзэн-100” үргэлжлүүлэн хэрэглэж болох тухай санал гаргаснаар энэ буяцхан сөргөлдөөн эхэлсэн юм. Хэлсэн ярьснаасаа буцлаа, АН хэзээнээсээ засаг барьж чаддаггүй хэмээн эвслийн Засгийн газрын сайд нь хамтрагчаа буруутгаж,  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат бас л Засгаас гарна хэмээн айлгаж, Ц.Нямдоржийн урьдын сүрдүүлэгийг уухайлсан нь бий.

 

МАХН-ынхан Намбарын Энхбаяр гэсэн ганцхан “бурхан”-тай, түүнийхээ төлөө төрийн ажлыг гацаахыг сахлын будаа шувтрахтай адил амар хэмээн эндүүрсэн

 

МАХН гэж өвгөн нэртэй “нялх” намынхан 2012 оноос л хамтран Засгийн эрх барьж байгаа. Гэхдээ тэд энэ айлгах тактикийг бас хэрэглээд амжсан байх юм.

Наанаа эх орны эрх ашиг гэж ярьж, “Монголоо аврах таван хувьсгал” хэмээн том “хардаг” энэ намынхан Намбарын Энхбаяр гэсэн ганцхан “бурхан”-тай, түүнийхээ төлөө төрийн ажлыг гацаахыг сахлын будаа шувтрахтай адил амар хэмээн эндүүрсэн нь тэр. 

Ийнхүү парламентад суудалтай намууд наанаа нэгдсэн гэх гэх дүр зураг эсгэвч цаанаа бол эх орны гэхээсээ илүүтэй намын эрх ашгийг эрхэмлэдэг,  өрөөлийг яаж муухай харагдуулж, өөрөө яаж таалагдах вэ,  дараагийн сонгуулийн оноо цуглуулах эрмэлзлээс хэтрэхгүй байна.

Нэг эх орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөөх шийдлээр популизм хийж, Засгаа нураах, эвсье гэсэн шийдлээсээ эргэж буцах гэхчлэн элдвээр ааш бааш гаргах юм. Энэ нь  зүгээр л нэг айлгах тактик. Тэгснээс бялуунаасаа татгалзах тэнэг толгой гэж нэг ч байхгүй. Тэр дундаа Монголын улс төрд. Олох нь орхихоосоо хэцүү гэдгийг  тэд ойлгохын дээдээр ойлгож байгаа шүү дээ.

А.Алтантуяа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.169) 2015 оны 03 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top