Тойм: Цастай, цэргийн баяртай, 100 хоногтой өдрүүд

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 21

Хаврын цас шар тос хэмээн хууччуул ярьдаг. Өмнөх долоо хоногийн сүүлчээр орсон цас Улаанбаатарын утаа тоосыг хэсэгхэн  боловч намдааж цастай нутгийнхан хавар эрт ногоотой залгана хэмээн олзуурхаж сууна. Энэ өвөл ороогүй их цас  цагаа олж орсон нь тэнгэрийн хишиг гэлтэй.

Даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаан нөөцийн мах бэлдсэн аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дэмжлэгийн 4.5 тэрбум төгрөгт  баталгаа гаргахаар шийдвэрлэлээ. Ингэснээр  цагаан сарын дараа цахилж одсон махны үнийг номхотгох боломж бүрдэнэ хэмээн харж байна. “Аль болох хурдан” гэсэн цаг хугацааны ганцхан хэмжүүртэй  Ч.Сайханбилэгийн Засгийн газар нөөцийн махны үлдэгдэл санхүүжилтийг шийдэж чадалгүй хаврын дунд сартай золгосонд  иргэд бухимдалтай байгаа.  Урьд жилүүдийн өдийд нөөцийн мах хэдийнэ хэрэглэгчдийн гарт оччихсон байдаг бол энэ жилийн тухайд Засаг баталгаа гаргасан ч байдал хэвээрээ л байна. Засгийн газрын энэ хуралдаанаар байгаль орчинд ээлтэй технологиор үйл ажиллагаа явуулдаг компаниудад алтны шороон ордыг судалж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Аль болох их ух, аль болох их алт олборло  гэсэн үг байх.  Харин энэ зуур Ноён уулыг нутгийн нинжа нар ухаад эхэлсэн гэх мэдээлэл чих дэлсч байна.  

Засгаас гаргасан бас нэг шийдвэр нь Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглаж, 260 ортой эмнэлгийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.  Төр мөнгөгүй учир шаардлагатай арга хэмжээг концессоор гүйцэтгэх гэнэ.  Дашрамд тодруулахад 2025 он гэхэд Монгол Улсад 2500 ортой, 12 эмнэлэг шинээр барих шаардлагатай гэх тооцоо гарсан аж.  Энэ долоо хоногт  Засгийн газар 290  тэрбум төгрөгийн  зээл нэмж авахаар болж,  мөн 100 хоног нь тохиож байна. Засгийн газрын 100 хоног тун анир жим байна.

УИХ-ын дарга З.Энхболд чуулганы завсарлагаар гадаад айлчлал ихтэй байна. Арлын орноос ирээд  өнгөрсөн даваа гаригт ХБНГУ-д ажлын айлчлал хийж,   үргэлжлүүлээд БНПУ-д  хийх айлбан ёсны айлчлалаа эхлүүллээ.  УИХ-ын Тамгын газрын ЕНБ-ийн дарга Б.Болбаатар  БНЧУ-д энэ зуур айлчлал хийсэн бол Шадар сайд У.Хүрэлсүх Токио хотноо болсон  НҮБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулах” дэлхийн гуравдугаар бага хуралд оролцов.

Улс төр амрах зуур УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа дуулгалаа.  Шинэчлэн найруулж байгаагаар  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр УИХ-ын гишүүн хуралдаан тасалсан нөхцөлд 1 минутыг 100 мянган төгрөгөөр тооцож торгодог болох юм байна.  Мөн хуралдаа согтуу, хөлчүү ирдэг гишүүнийг эргүүлэн татах, бусдын кнопыг дарвал яах вэ гэхчлэн  илүү нарийвчилж, үзэхээр төлөвлөж байгаа ажээ. УИХ-ын гишүүд хуулийн энэ өөрчлөлтийг батална гэдэг юу л бол. 

Улирч буй долоо хоногийн онцлох үйл явдал гэвэл цэргийн баяр байлаа. Энэ үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал,   Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ. Монголын генералууд ийнхүү бүл нэмэв.

Зүүн Тиморын багтай Монголын хөл бөмбөгчид дэвжээн дээрээ даагаа нэхэх тоглолт хийсэн ч 1:0 харьцаагаар дахин хожигдлоо. Энэ тоглолтыг монголчууд Ерөнхийлөгчөөсөө эхлэн дэмжсэн.  Гэхдээ манай багийхан сайн тоглосон,  сургамж авсан.  

Хуучин анд Вьетнам улс Монголоос мах импортлох саналаа ирүүлсэн, Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн салбар хуралдаан болсон зэрэг  нь өнгөрсөн долоо хоногийн сайн мэдээнүүд байв. Түүнчлэн хуучин Соёлын яам байсан байрыг  хувьчилж 6.7 тэрбум төгрөгөөр ХААН банк худалдаж авлаа. Энэ мөнгөөр Яармагийн дутуу баригдсан хүүхдийн эмнэлгийг санхүүжүүлнэ гэж байна.  

Монголын нэгэн үеийнхний амьдралын анхны шанг татаж байсан Хуримын ордонг хувьчлах асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.  Энэ асуудал ирэх даваа гаригт  НИТХ-аар хэлэлцэгдэх бололтой.  Хамгийн сүүлд дуулдаж буйгаар Хуримын ордны талбайг Шангрилла-2 зочид буудлын  авто зогсоол болгохоор зураг төсөл гарсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр явж байна. Хэрэв энэ үнэн бол энэ “Шангрилла” гэх нэрээр төв цэцэрлэгээ булаалгаж дараа нь хүүхдийн паркийн талбайгаасаа алдсан бол одоо залуу үеийнхэн маань Хуримын ордонгоо мөн булаалгах юм биш биз!

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.131.231.250) 2015 оны 03 сарын 21

End bi neg hund handmaar baina Uhnaagiin Hurelsuh Arab aafrigiin ornuudad huwisgal hiisen bolowsrolgui deslegchiin neg dee Zailaach

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 21

Засгийн газар энэ 100 хоногт юу хийв гэдгийг яагаад мэдээлэхгүй байгаа юм. Мэдээлэхээр ажил хийгээгүй гэсэн үг байх даа

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.81) 2015 оны 03 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top