Шударга ёсны дуудлага ба улс төржсөн халаа сэлгээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

“Монгол шуудан”-гийнхан ажил хаяж, жагсч байна. Шууданчдын тэмцлийг шударга ёсны дуудлага гэж хармаар байна. 

Зүв зүгээр, мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан тэднийг ийн тэмцэлд өдөөн дуудсан нь төр, засгийн увайгүй шийдвэр. Бүр тодруулбал улс төржиж төрийн албан хаагчдыг халж байгаа явдал. Тус компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь халах шийдвэрийг ТӨХ-оос гаргажээ. Мэргэжлийн, ажлаа хийсэн шиг хийж, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед 1000 гаруй ажилчидтай салбарынхаа ашиг орлогыг нэмэгдүүлж, улсаас татаас авдаг бус харин ч тэрбумаар тоологдох хэмжээний татвар төлдөг байгууллага болгосных нь хариуд Засгаас ирж буй “урамшуулал” энэ улс төржсөн халаа сэлгээ болж байгаа аж.  Монголын төр засаг гайгүйхэн шиг ажилласан хүндээ ийм л хариу барьдаг болсон цаг юм байна

Шууданчид үүнд л дургүйцжээ. Чаддаг нь бус, танилтай нь төрийн алба хашдаг  болсон нь Монголын эмгэнэлийн нэг хэсэг. Ийм байсан цагт хөгжиж, хөлжих тухай бодсоны ч хэрэггүй байх.

 

Шууданчид үүнд л дургүйцжээ. Чаддаг нь бус, танилтай нь төрийн алба хашдаг  болсон нь Монголын эмгэнэлийн нэг хэсэг. Ийм байсан цагт хөгжиж, хөлжих тухай бодсоны ч хэрэггүй байх.

 

ТӨХ-ны шийдвэрээр “Монгол шуудан”  компанийн захирлаар Т.Дуламдоржийг томилжээ. Тэрбээр урьд нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байгаад мөн л халаа сэлгээнд өртсөн нэгэн. Нэгэн цагт Д.Тэрбишдагвын  туслахаар ажиллаж байгаад цаг ирмэгц даргын суудал руу  “шидэгдсэн” хүн гэлцдэг.  Гэхдээ энэ хүний хэн байх нь чухал биш.

Асуудлын гол нь төрийн албыг ингэтэл дампууруулж байгаад л байгаа юм. Төрийн албан хаагчид дээр доргүй миний халагдах ээлж хэзээ ирэх бол гэсэн байнгын түгшүүртэй, хүлээлттэй байдаг болсон. Ийм хүлээлтээс ажлын үр дүн харах хэрэггүй, санал санаачлагын тухай бүр ч  ярилтгүй. Яагаад гэвэл тэдэнд энэ миний ажил, амьдрал юм шүү гэсэн итгэл үнэмшил байхгүй.

Засаг төр солигдох бүрт халаа сэлгээний хар салхи төрийн байгууллагуудыг хуйлруулж,  ширээ сандлын их нүүдэл эхэлдэг. Хууль бус халах шийдвэрээ “хууль ёс”-ны болгож явагсдын амыг таглахын тулд гэнэт халагдсаны болон наанадаж зургаан сарын цалинг олгох гэхчлэн төсвийн үргүй зардлыг үржүүлж өгнө. Эрх барих дөрөвхөн жилийн хугацаандаа гэхэд түрүүчээсээ зарим яамны сайд гурав дахь удаагаа солигдчихоод байна.  Энэ тоолонгоор өөрийн хүнээ ирүүлж, бусдын хүнийг үдэх ёслол болдог нь тодорхой. БОНХ-ийн сайд Д.Оюунхорол, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн гээд  “шийдэл”-ийн шинэ сайдууд хамгийн түрүүнд халаа сэлгээнд ханцуй шамлан орсныг  энэ өвөлжин,  хаваржин ярьж байна. Шат шатны шүүхүүд хууль бусаар халагдагсдын гомдолд  дараастай. 

 

ТӨХ гэж дандаа дарга нарын хүнийг хоолонд нь хүргэж байдаг, тэдний захиа даалгавараар ажилладаг газар болсон хэмээн яригддаг нь талаар бус бололтой.

 

Уг нь төрийн албан хаагчид гэдэг бол тухайн чиглэлээрээ сайтар мэргэшсэн, туршлага, дадлагатай, мэдлэг мэргэжлээ шалгуулж тэнцсэн хүмүүс.  Нарийн яривал тэд Төрийн албаны хуулиараа хамгаалагдсан хүмүүс байх учиртай.  Хэн дуртай нь, тэр дундаа үдлээд морддог сайд дарга нарын хормойн салхинд ширвэгдэж шидэгдээд байх “бага гарууд” биш билээ. 

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Их Хурлын дарга хэлсэн үгэндээ “Сүүлийн үед төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар Улсын Их Хуралд олон арван гомдол, санал ирж байгаад сэтгэл эмзэглэж байна. Төрийн албан хаагчдыг халж солихын тулд намууд хамтарч ажиллаагүй гэдгийг Засгийн газар, салбар хариуцсан сайд нар анхааралдаа авч бүх шатанд халаа сэлгээгээ яаралтай зогсоох хэрэгтэй”  гэж сануулсан.  

Их Хурлын даргын энэ сануулгыг ТӨХ лав чихнийхээ хажуугаар өнгөрөөснийг “Монгол шуудан”-гийн  захирлын халаа сэлгээ харууллаа.

Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэн бүхэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин үүнийхээ төлөө хэрэгтэн болох болж байна уу.

 

Ер нь ТӨХ гэж дандаа дарга нарын хүнийг хоолонд нь хүргэж байдаг, тэдний захиа даалгавараар ажилладаг газар болсон хэмээн яригддаг нь талаар бус бололтой.  Түүнчлэн Төрийн албаны зөвлөл гэж уг нь төрийн албан хаагчдаа хамгаалж хямгадаж байх учиртай байгууллагын дуу хоолой энэ олон халаа сэлгээний хаана  яваа нь ерөөсөө анзаарагдахгүй өдий хүрлээ.

“Монгол шуулан”-гийнхан ийм л улстөржсөн халаа сэлгээний эсрэг тэмцэж байна. Тэднийг буруутгах аргагүй. Гэтэл “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын Түр хорооны дарга Д.Ганболд, хуулийн зөвлөх н.Нямдаш нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас дуудаж, байцаалт авсан төдийгүй  эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх таагүй мэдээлэл дуулдаж байна.  

Монголд маань юу болоод байна аа. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэн бүхэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин үүнийхээ төлөө хэрэгтэн болох болж байна уу.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.237) 2015 оны 04 сарын 14

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top