Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ сарын 9-нд тохиох Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойгоор ОХУ-д айлчлахаар болсон тухай мэдээлэл нэлээд хэдэн сарын өмнөөс гарч байсан юм. Энэ бол түүний гадаад оронд хийх анхны айлчлал болох ёстой байв. Харин Кремлийн эрх бүхий албаныхан Хойд Солонгосын удирдагч Ялалтын баярт оролцохгүй гэдгийг мэдэгдлээ.
Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Тэр Пхеньянд үлдэхээр шийдсэн. Энэ нь тус улсын дотоод хэрэгтэй холбоотой асуудал” гэж мэдэгдээд байна.
Энэ мэдэгдэл гарахаас өмнө Өмнөд Солонгосын парламент дахь тагнуулын хорооны гишүүн Шин Кён Мин Хойд Солонгосын удирдагчийг Москвад айлчилна гэсэн албан ёсны баталгаа байхгүй гэж байсан юм. Гэхдээ Ким Чен Уны айлчлалаа цуцлах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Дмитрий Песковын мэдээлснээр тавдугаар сарын 9-нд болох цэргийн парадад дэлхийн 30 орчим улсын төрийн Тэргүүн оролцох гэнэ. Германы канцлер Ангела Меркель тавдугаар сарын 10-нд Москвад хүрэлцэн ирэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )