Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгалт хийжээ

Админ | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Өвөрхангай аймгийн Прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн эрх бүхий албан хаагч нараас 2014 оны сүүлчийн хагас жил болон 2015 оны хоёрдугаар сарын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэхийг удирдамжийн дагуу шалгажээ.

Шалгалтын явцад тус тасгийн эрх бүхий албан хаагчдаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 552 материалыг хянаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан байдлыг шалгахад хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн баримт хийдэггүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийн тэмдэглэл үйлдэхийг заасан байхад тэмдэглэл үйлдээгүй, зөрчил гаргагчид эрх үүргийг нь тайлбарлан өгдөггүй, зөрчлийг хуульд заасан хугацаа хэтрүүлж шалгадаг, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 260 тоот тушаалаар батлагдсан шийтгэврийн хуудсыг хэрэглэх журамд заасны дагуу хэрэглэдэггүй, торгуулийн мөнгийг цагдаа, байцаагч нар гар дээрээ 7-с 30 хоногийн хугацаанд байлгадаг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтын дүнг тасгийн удирдлага, замын байцаагч нарт танилцуулж, Аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Цагдаагийн газарт прокурорын шаардлага бичиж хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top