Хамгийн эхлээд
Нүүрээ цэвэрлэхийн өмнө тусгай нүдний будаг арилгагчаар нүднийхээ будгийг арилгана. Ихэнх нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд нь усны хамгаалалттай сормуусны будаг, удаан тогтоцтой контурыг арилгах чадваргүй байдаг. Жижиг хөвөнд будаг цэвэрлэгчээ шингээгээд хэсэг хугацаанд зовхин дээрээ тавьж байгаад дотор талаас гадна тал руу нь арчиж авна. Үрвэл үрчлээ үүсэхэд нөлөөлдөг учраас үрж огт болохгүй. Аль болох зөөлөн арчиж аваарай. Зовхи тус бүрт шинэ хөвөн ашиглах нь зөв. Харин сормуусныхаа будгийг арилгахын тулд угаас нь гадна талруу нь болгоомжтой арчина.
Нүүр цэвэрлэгээ
Бохирдол, будаг, илүүдэл тос зэргийг арилгаж, арьсанд хэрэгцээтэй чийгшлийг багаар ч болов нөхөх үүрэгтэй зүйл бол цэвэрлэгээ. Оройдоо нүүрээ цэвэрлэлгүй унтах нь эцэстээ нүхжилт үүсэх аюултай байдаг бөгөөд үрэвслийг даамжруулж, арьсны коллагенийг бууруулснаас хөгшрөлт хурдацтай явагддаг. Хамгийн гол нь арьсныхаа онцлогт тохирсон нүүр цэвэрлэгч сонгох бөгөөд биеийн саван арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж нүүрний арьсанд маш халгаатай байдаг. Нойтон сальфетка яарсан үед хамгийн тохиромжтой сонголт боловч байнга хэрэглэвэл муу. Хуурай болон хольмог арьстай бол сүүн шингэн, тоник, тослог эсвэл энгийн арьстай бол гель, хөөсөн цэвэрлэгч сонговол зүгээр.
Гуужуулах
Долоо хоногтоо 3 удаа арьсаа цэвэрлэснийхээ дараа гуужуулж байвал үхсэн эд эсийг зайлуулж, арьсыг зөөлөн эрүүл байлгахад сайн нөлөө үзүүлдэг.
Ийлдэс/serum/
Ийлдэсийг ихэвчлэн мэргэжлийн арьс гоо заслын эмч нар арьсны хүнд асуудлууд жишээлбэл: хөгшрөлт, эмзэгшил, нүхжилт гэх мэт үед л хэрэглэдэг гэж боддог. Ер нь бол ийлдэс нь өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэгч бүтээгдэхүүнээс илүү арьсны гүнд, эд эсэд үйлчилж чаддагт учир байгаа юм. Гэхдээ энэ нь чи өөрийнхөө чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг сольж ийлдэс хэрэглэнэ гэсэн үг биш л дээ. Чийгшүүлэгчээ хэрэглэхийн өмнө ийлдэсийг хэрэглэвэл сайн гэсэн үг.
Чийгшүүлэх цаг
Ихэнх чийгшүүлэгч бүтээгдэхүүн өдөр шөний тостойгоо нэг цуглуулгад багтсан байдаг. Яагаад гэвэл өдрийн тос нь нарны хэт ягаан туяаны хамгаалалт болон бусад гадны нөлөөллөөс хамгаалах найрлага нь давамгайлсан, шөнийн тос нь үрчлээний эсрэг болон арьсны эд эсийг сэргээх үйлчилгээ нь давамгайлсан байдаг учраас зөвхөн чийгшлийг хангах тусгай бүтээгдэхүүн байх шаардлагатай юм.
“Нүүрэн дээрээ нүүр зурах”- даа бэлтгэх
Өдрийн тос, чийгшүүлэгч зэргээ хэрэглэсний дараа нүүр будалтынхаа өмнө праймер хэрэглээрэй. Суурь энгэсэг тавихын яг өмнө нь.
Өө дарагч зэвсэг
Суурь энгэсэгийн өмнө өө дарагч хэрэглэнэ. Энгэсгэнд дарагдахгүй өөг дарж өгдөг ид шид л гэсэн үг. Гараар, багсаар, порлоон гээд аль алинаар нь түрхэж болно.
Суурь шингэн энгэсэг
Шингэн энгэсэг худалдаж авахдаа гурван өөр өнгийг шанаандаа /бугуй эсвэл гарандаа биш шүү / түрхэж үзээд арьсанд чинь шингээд уусч байгаа нь чамд хамгийн тохиромжтой нь гэж сонгоорой. Багсаар түрхэж хэрэглэвэл хамгийн тохиромжтой байдаг.
Нүд
Эхлээд арьсныхаа өнгөтэй ижил нүдний тениэр хөмсөгнийхөө доод хэсгээс сормуусны уг хүртэл бүхэлд нь будвал улайлт болон бусад өө дарагддаг. Дараа нь контураа тавьна. Сормуусаа дэрвийлгэгчээр дэрвийлгээд будна. Будахдаа өргөөш нь хоёр тийшээ хөдөлгөнгөө түрхвэл сормууснууд бөөгнөрөхгүй сайн салж өгдөг.
Хөмсөг
Хөмсөг бол нүүрний хүрээ юм. Төрөлхийн хөмсөгнийхөө өнгөтэй ижил өнгөөр будвал илүү натурал харагдана. Мөн зөвхөн доороос нь засч байвал сайн. Эцэст нь уруулаа будаж, хацар өнгөлөгч түрхэж тодруулж болно.
Сэтгэгдэл ( 0 )