Аймгуудын баяр наадмын тов гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Аймгуудын баяр наадмын тов гарсан байна. Сүүлийн жилүүдэд аймгийн наадмыг зорих иргэд олширсон билээ. Дашрамд дурдахад энэ жил 90 жилийн ой нь тохиож байгаа олон сумд байгаа бөгөөд урьд урьд жилүүдийнхээс илүү өргөн дэлгэр тэмдэглэх нь гарцаагүй юм. Ингээд аймгуудын наадмын товыг хүргэе.

Архангай аймаг: Архангайчууд баяр наадмаа долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Харин тус аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Баян-Өлгий аймаг: Баян-Өлгий аймгийн баяр наадам ирэх долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа.

 Баянхонгор аймаг: Хонгор нутгийнхны наадам долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох юм.

 Булган аймаг: Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд 4 түмэн адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.

 Говь-Алтай аймаг: Алтай нутгийнханы энэ жилийн баяр наадам долдугаар сарын 7-9-нд болох юм байна. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд аймгийн ихэнх сум өнгөрсөн жил түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

 Говьсүмбэр аймаг: Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ой нь тохиож байгаа сум байхгүй.

 Дархан-Уул аймаг: Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

 Дорноговь аймаг: Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох бол Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

 Дорнод аймаг: Дорнод аймгийн хувьд энэ жил наадамчдын хөлд дарагдана. Учир нь тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиох бөгөөд аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох аж.

 Дундговь аймаг: Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон ирэх сарын 26-27-ны өдрүүдэд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.

Завхан аймаг: Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.

Орхон аймаг: 2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд өнөө жил ирэх сарын 10-11-ний өдрүүдэд наадах ажээ.

Өвөрхангай аймаг: Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн Хархорин суманд долдугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.

Өмнөговь аймаг: Өмнийн говийнхон ирэх долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.

Сүхбаатар аймаг: Сүхбаатар аймгийнхан хувьд зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Түүнчлэн энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон ирэх сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурдаар наадамлах болжээ.

Сэлэнгэ аймаг: Сэлэнгэ аймгийн наадам долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд тохионо.

Төв аймаг: Төв аймгийн наадам долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.

 Увс аймаг: Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно.

 Ховд аймаг: Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.

 Хөвсгөл аймаг: Хөвсгөлчүүд долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ. Энэ жилийн хувьд тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтой бөгөөд ойн наадам долдугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж. Түүнчлэн Цагааннуур сум 30 жилийн ойгоо долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэх юм.

Хэнтий аймаг: Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ойн наадмууд долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд тохиох юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.142) 2015 оны 06 сарын 29

Ingeh ymar hereg bna ajila ch hij bolohgui aimginha nadmig ch uzej bolohgui

0  |  0
Top