Монголд байсхийж байгаад л нэг “тагнуул” тодордог болж байна. Гэхдээ энэ “тагнуул”-ууд дандаа манай хууль тогтоочдын дундаас тодордог нь гайхмаар.
Тэдний анхных нь Ц.Нямдорж. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай түүнийг Хятадын тагнуул хэмээн барин тавин цамнаж, баримт нотолгоо бий хэмээн ярьдаг байв. Баатар генерал ч бас үүнд нь ташуур өгсөг байсан санагдана. Хэдийнэ улирч баларч мартагдаад байсан энэ сэжүүрийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийнхээ үеэр эргэн санаж, Ц.Нямдорж өөрийнх нь өрөөнд цийлэгнүүлэн орж байсан хэмээн чимхэж, хорсол гомдлоо бага ч атугай нимгэлсэн.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, элчин сайд К.Сайраан ч бас Казакстаны тагнуул гэсэн нэр хоч зүүчихээд байгаа. Хянадаг шалгадаг, шүүдэг байгууллага нь лав түүнийг тагнуул гэдгийг албан ёсоор тогтоогоогүй байгаа шиг санагдах юм.
Мөнөөх хөлсний сэтгэгдэл бичигчид Женко-г орос эхнэртэйнх нь төлөө Оросын тагнуул, УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг Японд сургууль төгссөн учир арлын орны тагнуул байж таарна гэхчлэн ам хэлээ билүүдсэн байна билээ. Эв гав нь таарвал тэд хожмын том гүжир гүтгэлэгийн давалгааг хэн нэгний захиалгаар иймэрхүү маягаар эхлүүлдэг байх.
Тагнуул тодруулах хамгийн шинэхэн оролдлогод УИХ-ын гишүүн М.Батчимэг өртөөд байна. Түүний зөвлөхөөр нь ажиллаж байсан Э.Пагмажав хэмээх эмэгтэй улсын нууцад хамаарах мэдээллийг Тайваньд дамжуулсан хэргээр 16 жилийн ял сонсчихоод байгаа. Энэ нь даарин дээр давс нэмж, эрхэм гишүүн рүү чулуу шидэх бэлээхэн боломжийг өрсөлдөгч нарт нь гаргаж ирэв бололтой. Дээр нь тэр Тайваньд сургууль төгссөн, тэнд ажиллаж амьдарч байсан, нөхөр нь Тайванийн компанийн Монгол дахь салбарын захирал гэхчлэн олон “магадлал”-ыг дэлгэн тавьж байна. Энэ мэт бэлэн өгөгдөлүүд дээр улс төрчид тоглолт хийж эхэлсэн нь иймэрхүү драмаар үргэлжилж байна.
Урд хөл нь бүдэрсэний төлөө хойд хөлийг нь гуядав гэгчээр зөвлөхөд нь ирсэн гэмийг С.Батчимэгт сэлгэж үүрүүлэх гээд байгаа нь цаанаа улс төрийн том зорилго, ашиг хонжоо хайж байх магадлалтай. З.Пагмажав гэдэг хүн хэрэгт орооцолдсон байхад өөрийнх нь нэрийг татан оролцуулсан нь хэд хэдэн шалтгаантай гэж М.Батчимэг нэгэн ярилцлагынхаа үеэр илэрхийлнэ билээ. Юуны өмнө энэ нь түүний нэр хүнд болон улс төрийн карьерт нь нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байгаа. Пагмажавын хэрэг ил болсны дараа М.Батчимэгийг УИХ-ын гишүүнээсээ татгалз гэсэн шахаас ирж байгаа гэнэ. Тэр энэ явдлыг улс төрөөс, тэр дундаа Эрдэнэтийн тойргоос шахаж гаргах гэсэн өрсөлдөгч нарын явуулга гэж хардаж байгаагаа хэлсэн нь бий.
Өршөөлийн хууль батлагдсаны дараа М.Батчимэг өнөөгийн УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарвал таарна гэдгийг ил цагаан илэрхийлсэн. Ер нь тэрбээр парламентын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлттэй ханддаг нэгэн. Энэ нь өөр дээрээ гал дуудах нэг шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй.
Тэрбээр өөрийн зөвлөх З.Пагмажавыг иргэдтэй харилцах ажил хийж байсан болохоос биш улсын нууцтай холбогдох ажлыг хийж байгаагүй, шүүх шинжилгээний дүгнэлт “Улсын нууцтай холбоотой мэдээлэл дамжуулсан нь тогтоогдоогүй” гэж гарсан тухай тодотгосон байна билээ. Юутай ч цаг хугацаа бүхнийг ил цагаан болгоод өгөх байх.
Хэрэв бид өнгөрсөн түүхээ эргэн харвал олон шилдэг сэхээтнээ тагнуулаар тодруулж хилс хэрэгт хэлмэгдүүлсэн гашуун сургамж бий. Хэлмэгдүүлэлтийг чухамдаа энэ тагнуул гэсэн үгээр халхавчилдаг нь учиртай. Тагнуул урвагч гэхээр монгол хүн бүрийн сэтгэхүйд үзэн ядалт төрдөг. Коммунист тогтолцоны тэр арга барил одоо ч үр үндсээ хадгалж байгаа бололтой.
Сонгууль дөхөөд ирэхээр энэ улс төрчдийн ид шид, элдэв ааш маяг хачирхалтайгаар өрнөдөг. Бие биеэ урвагч шарвагч, эрлийз хурлийзаар нь дуудаад эхэлнэ. Сонгууль угтсан хар PR эхэлж байгаагийн эхний дохио С.Батчимэгийг тагнуулаар нэрлэн ирж байна.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 2 )
оргүй хоосон битгий хэл, хэл сураггүй зүйлийг би болгох чадалтай болсон үе шүү дээ.үхээгүй хүнийг үхүүлнэ,төрөө хүнийг төрүүлнэ.ийм л ид шидтэй нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ.Хэнд хэрэгтэй юм бүү мэд тэр ч тагнуул энэ ч тагнуул гээд.Хүн ингэж гүтгэх нь одоо өөрсдөд нь сайхан байгаа сэтгэл ханамжаа авч байгаа ч гэсэн хэзээ нэгэн цагт өөрсдөө энэ гэсгээлээ үүрэх болно.Та биш юмаа гэхэд таны үр хүүхэд үүрнэ.Энэ бол нүгэл хийж байгаатай нэн адил.бид нар цөөхүүлээ шүү дээ.
Их мэдэмхийрэх хэрэггүй. ”Овоо босгоогүй бол шувуу суухгүй”. Оргүй хоосноос зохиол бичихгүй. Батчимэг ч гэсэн Нямдорж ч гэсэн тийм мундаг, тусгай хүмүүс биш, байдаг л хүмүүс. Хувь заяаны төөргөөр төрд гарах оноо нь таараад гараа л биз. Гэхдээ тэдэнд шунал гэж бий. Зарим баримт нотолггонууд ч бий. Бас өөрсдийгөө хуяглаж баталсан УИХ-ын гишүүний ”бүрэн эрх” гэж бий. Аль алийг нь шалгах л хэрэгтэй.