Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл нуур байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 29

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/764 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэрийг хянан үзээд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл хөв нуурын зориулалтаар 21493 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо.

Газар эзэмших эрх олгогдсон байгууллагын газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, усан толио, хиймэл хөв нуур байгуулах ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top