Оюутолгойн талаар дэлхийн хэвлэлүүд онцоллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 18

Лхагва гарагт Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээнд талууд хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгч 15 банкны төлөөлөл гарын үсэг зурсан. Ингэснээр Оюутолгойн хөрөнгө оруулагчид төслийн хоёр дахь шатны санхүүжилтэд 4.4 тэрбум ам.доллар оруулах боломжтой болж байгаа юм. Тэгвэл эл үйл явдлын талаар олон улсын хэвлэлүүд ийн онцолжээ.  

 

Далд уурхайг жилийн өмнө эхлүүлэхээр төлөвлөж байжээ

 

 

Канадын уул уурхайн "Turquoise Hill Resources" компани Монголын Оюутолгойн ордод томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Тус компани Оюутолгойн ордод нийтдээ 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт авах гэрээнд лхагва гарагт гарын үсэг зурсан юм. Ванкуверт төвтэй Turquoise Hill компани энэ талаар мягмар гарагт албан ёсоор зарласан. Ингэснээр олон улсын банкуудтай 12-15 жилийн урт хугацаатай зээлийн гэрээ байгуулж байгаа юм.

 

Энэ хэмжээний буюу 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт нь Монголын ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэх бөгөөд төслийг бүхэлд нь ажиллуулахад голлох хөрөнгө оруулалт болж байна.

 

“Төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан нь Turquoise Hill болон Оюутолгойн хувьд өмнө нь байгаагүй үйл явдал болж буй бөгөөд Монгол болон хөрөнгө оруулагч аль аль талд нь итгэл төрүүллээ” хэмээн “Turquoise Hill Resources”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жефф Тигесен онцолжээ.

 

Хоёр дахь шатны буюу гүний уурхайн үйл ажиллагаа одоогоос нэг жил орчмын өмнө эхлэх төлөвлөгөөтэй байсан ч улс төрийн шалтгааны улмаас хойшлогдсоор байсан юм. Turquoise Hill болон тус компанийн ихэнх хувийг эзэмшигч Рио Тинто групп Монголын Засгийн газартай урт удаан хугацааны хэлэлцээр хийсний үр дүнд өнгөрсөн тавдугаар сард тохиролцоонд хүрсэн юм.

 

Эх сурвалж: business.financialpost.com

 

Оюутолгой 100 тэрбум долларын өгөөжтэй

 

 

Улаанбаатар хотноо Австралийн уул уурхайн гигант Рио Тинто групп Монголын Оюутолгой төсөлд шаардагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд олон улсын банк санхүүгийн 15 банктай хамтран зээлийн санхүүжилтийн гэрээг үзэглэсэн бөгөөд хамтрагч компанийн зүгээс уг алхмыг “Маш чухал урагшилсан алхам боллоо” хэмээн дүгнээд байна.

 

Оюутолгойн уурхай шууд ашиглах боломжтой нийт 2.5 тэрбум тонн алт болон зэсийн нөөцтэй бөгөөд ашиглах хугацаанд нийтдээ 100 орчим тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой гэж үздэг байна. Төслийн хөрөнгө оруулагчид хоёр жилийн өмнө ил уурхайг нээсэн бөгөөд нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд байдаг аж.

 

Рио Тинто группийн Зэс нүүрсний бүлгийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак “Энэ удаагийн санхүүжилтийн гэрээ Оюутолгойн уурхай урт хугацаандаа илүү өндөр өгөөжтэй ажиллах, хөрөнгө оруулалт татахад маш чухал алхам боллоо” хэмээн онцолжээ.

 

Монгол Улс 3 сая хүн амтай ч газрын гүндээ 1 их наяд гаруй тонн байгалийн баялагтай, тал нутгаас бүрдсэн томоохон улс юм. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг байгалийн баялгийнхаа хүчээр огцом тэлэлттэй байсан. Тодруулбал, 2011 онд 17.5 хувьд хүрч дэлхийд тэргүүлсэн ч тэр цагаас хойш байгалийн баялгийг дагасан эх орончид, үндсэрхэг үзэлтнүүд болон улс төрийн тулааны улмаас томоохон төслөө гацааж, улмаар эдийн засгийн өсөлт нь ч эрс буураад байгаа юм. 

 

Channelnewsasia.com

 

Рио Тинто групп Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.доллар авч чадлаа

 

 

ANZ болон NAB зэрэг дэлхийн хүчирхэг 15 банкны хамтарсан консорциум Рио Тинто группийн Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр боллоо. Тодруулбал, ОУСК, Дэлхийн банк болон Австрал, АНУ, Канадын санхүүгийн корпорациуд хамтран төслийн хоёр дахь шатны санхүүжилтэд ийн зээл олгож байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард төслийн хоёр дахь шатны өргөтгөл эхлэх байсан ч зарим нэг зөвшөөрөл зэргээс үүдэлтэйгээр хойшлогдожээ. Төслийн санхүүжилтийн өртөг нь 12-15 жилийн хугацаатай, Libor+2.65-2.78 хувийн хүүтэй юм байна.

 

Afr.com  эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vbnm(202.179.28.127) 2015 оны 12 сарын 20

ard tvmnii hurungu ard tvmend ashiggei

0  |  0
Top