“Дэлхийн Энхийн Их Наадам”, “Дэлхийн Монголчуудын чуулган”, “Дэлхийн Энхтайвны зөвлөл”, “Монголын Уламжлалын академи” зэрэг төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулж байгаа “PEACE AWARD 2015” ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 21-ны өдөр буюу ирэх Пүрэв гарагт Улаанбаатар зочид буудлын хүндэтгэлийн танхимд 18:30 цагаас болох гэж байна.
“Энх амгалан – эрхэм жаргалан” уриан дор тав дахь жилдээ зохиогдож буй ёслолын ажиллагаа нь нийгэмд томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхан, улс орны эв нэгдлийн төлөө сэтгэл зүрх, оюун бодлоо зориулан зүтгэж буй нийгэм, улс төрийн болон сайн дурын зүтгэлтнүүдээс шалгаруулж “ЭНХИЙН ШАГНАЛТАН”-ыг тодруулдаг уламжлалтай.
“Энхийн шагналтан”-ыг төрийн болон бизнесийн салбар, урлаг соёл, олон нийтийн байгууллага, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбар салбарын нэр хүндтэй төлөөлөл бүхий шүүгчдийн комисс тодруулдаг байна. 2011-2014 оны шагналын эзнээр Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Дэлхийн Энхтайвны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Соёлын Гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Нямдорж, “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш С.Эрдэнэчулуун нарыг тус тус тодруулжээ.
Монголын салбар салбарын нэр нөлөө бүхий томчуудыг нэгэн дор цугларуулж “Энхийн шагналтан”-г тодруулдаг уг ёслолын ажиллагаа өндөр зохион байгуулалттай болдог төдийгүй хамрах хүрээ нэр хүндээрээ бусад шагнал гардуулах арга хэмжээнүүдээс ялгардаг аж.
Сэтгэгдэл ( 0 )