Эрдэнэтийнхэн Их ойн бүтээн байгуулалтын ажлын хөлс дээрээ ”луу унжив”

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 21

Үйлдвэр дагасан хот хэмээн өөрсдийгөө тодотгосон Эрдэнэт хотын 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс ч өнгөрсөн жилээс орон нутагт, их ойгоо угтсан бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, эхэлжээ. Энэ хүрээнд хуучин орон сууцын гадна өнгө үзэмжийг танигдахын аргагүй өөрчилж, будаж засварлан, хотынхоо гудамж талбайг ч засаж сайжруулсан байна. Харамсалтай нь Эрдэнэтийнхэн ийнхүү бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон, их ажлыг нь нугалалцсан гүйцэтгэгч компаниудын ажлын хөлсийг нь өгөхгүй луу унжсаар нэлээд жил шахуу болжээ.

 Тодруулбал, Эрдэнэт хотын  50 гаруй барилга, байшингийн гаднах өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийхээр тендерт шалгарсан нийт 58 компанийн хийсэн ажлын хөлсийг өгөлгүй өдий хүрчээ. Тэдгээр компаниуд өнгөрсөн оны наймдугаар сард гэрээ байгуулан, үүнийхээ дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Харин  аравдугаар сард ажлаа бүрэн дуусгаж,  Эрдэнэт хотын  II, III, VI хорооллын 51 байрны гадна фасадыг шинэчлэн буджээ. Орон сууцын фасад будах ажлыг “РСЦ” ХХК хариуцаж, туслан гүйцэтгэгчээр орон нутгийн 58 компани ажилласан аж.

Барилгын компаниудтай хийсэн гэрээндээ 2015 оны аравдугаар сарын 30 гэхэд ажлын хөлсийг нь бүрэн төлнө хэмээн тусгажээ. Ингэхдээ Их ойн бүтээн байгуулалтын ажлын хөлсийг Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК, болон орон нутгийн төсвөөс хувааж гаргахаар болсон байна. Тодруулбал уг ажилд нийт дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө орсон бөгөөд үүний  840 орчим сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргасан байна.

Гэвч уг мөнгө өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч компаниудын гар дээр ирээгүй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, орон нутгийн удирдлагууд өөр хоорондоо шийдэлцэж байгаа аж. Харин энэ хооронд  бүтээн байгуулалтад оролцсон компаниуд ажлын хөлсөө хүлээсээр санхүүгийн томоохон хямралд ороод байгаа аж. Зарим нь эхнээсээ  өр зээлээ төлж чадахгүй хаалгаа барихад хүрсэн байна.

Гэхдээ бүтээн байгуулалтад оролцсон 58 компани бүгд ажлын хөлсөө авч чадахгүй байгаа  гэвэл өрөөсгөл  ойлголт болно гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тэдний хэлж буйгаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон орон нутгийн удирдлагуудад томоохон ар тал, танилтай бол хийсэн ажлынхаа хөлсийг асуудалгүй авч байгаа аж. Тухайлбал энэ оны  хоёрдугаар сард дээрх компаниудын ажлын хөлсийг өгөхөөр хоёр тэрбум төгрөг төсөвлөж, 58 компанид тэнцүү хувааж өгөх шийдвэрийг гаргасан байна. Гэвч энэ мөнгөнөөс нэр бүхий 5-6 компани ажлын хөлсөө 100 хувь авч, зарим нэгэн компаниуд 40-50 хувийг авчээ. Харин үлдсэн мөнгийг нь бусад компаниудад тав, арван саяар нь хуваан өгчээ. Ингэж ажлын хөлсөө бүтнээр авсан компаниудын ард “Эрдэнэт үйлдвэр”-ийн томоохон албан тушаалтан байгааг эх сурвалж хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top