“Харвони” эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 29

Эрүүл мэндийн яам Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад шинээр 35 эм оруулж, түүнийгээ Нийгмийн Даатгалын Газрын Үндэсний зөвлөлд хүргүүлсэн байна. Ялангуяа элэгний С вирусийн өвчлөлийн эсрэг хэрэглэх “Харвони” эмийг багтаасан талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдээллээ. Яамны саналыг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэж, “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-д оруулах эсэхийг шийдэх юм. Ингэсэн тохиолдолд иргэд Эрүүл мэндийн даатгалаа ашиглан тухайн эмийг 50-80 хувийн үнийн хөнгөлөлттэйгөөр хэрэглэх боломжтой болно. Одоогоор нийт 134 нэршлийн эмийг ийм журмаар хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа талаар Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Гепатит С вирусийн эмчилгээнд хэрэглэх “Харвони” эмийг одоогоор Монгол Улсад 1600 хүн хэрэглээд байгаа аж. Шинээр 6000 тун буюу 2000 хүн тун эмийг ирэх дөрөвдүгээр сарын 15-20-нд оруулж ирэхээр төлөвлөсөн талаар тус эмийг импортлогч “Омбол” компаниас мэдээллээ. Тухайн өвчтөн “Харвони” эмийг гурван тунгаар гурван сарын хугацаанд хэрэглэх ёстой бөгөөд курс эмийн төлбөр нь 1200 ам.доллар байгаа аж. Олон улсын зах зээл дэх үнэ нь 94 мянган ам.доллар байгаа энэ эмийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа юм. АНУ-ын эм үйлдвэрлэгч “Gilead Sciences” компанийн хувьд элэгний вирусын эсрэг ашиглах “Харвони”, “Совалди” зэрэг эмийн бүтээгдэхүүнээ хөгжиж байгаа орнуудад хямд үнээр нийлүүлж байна. Энэ нь эмийн үр нөлөөг баталгаажуулах судалгааны ажлын нэг хэсэг болж байгаа гэдгийг "Gilead Sciences" компани өмнө нь мэдээлж байсан юм. Харин Монголын тал элэгний С вирусийг эмчлэхэд 98 хувийн үр дүнтэй байгаа “Харвони” эмийн импортыг нэмэгдүүлэх саналыг мөн гаргажээ. Монгол Улс элэгний вирусийн өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт 400-д мянган хүн элэгний А, В, С, Д вирусээр өвчилсөн талаар Эрүүл мэндийн яам өнгөрсөн онд мэдээлж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (103.9.90.231) 2016 оны 03 сарын 29

оруулаа оруул. тэртэй тэргүй датгалаас жилд хэрэглэх 1900000 -аа хэрэглэдэггүй ш дээ. Насаараа даатгал төлсөн одоо хэрэгтэй бна. Тэр С-ийн эмийг авья.

0  |  0
Top