Өнөөгийн байдлаар Налайх дүүргийн хэмжээнд нүүрсний 35 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 31 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Гэвч дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улирлын чанартай, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хүнд байдгаас гадна зөвшөөрөлгүй 45 ам, цооногуудад 600 гаруй хүн ажиллаж байна.
Өнгөрөгч 2013 онд гаргасан Засгийн газрын тогтоолоор Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоон стандартад нийцсэн техник, технологи бүхий далд уурхайг байгуулах боломжийг судалж, шийдвэрлэхийг холбогдох байгууллагад үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу “Сүмбэр Худаг” ХХК Налайхын ордын баруун урд хэсэгт нарийвчилсан хайгуул хийж, 27.8 сая тн нүүрсний нөөцийг тогтоож, уг нөөцөд тулгуурлан гүний уурхай байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байгаа аж. Тус уурхай ашиглалтад орсноор жилд 700-1000 мян.тн нүүрс олборлож, орон нутгийн төсөвт 3-4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 700 гаруй ажлын байр шинээр бий болох юм байна.
Уул уурхайн яамнаас томилогдсон Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт ажиллаж, дүүргийн удирдлага, “Сүмбэр Худаг” ХХК-ийн төлөөлөл болон хувиараа нүүрс олборлож байгаа иргэдтэй уулзаж, санал солилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )