Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор шатах ашигт малтмалын хэрэглээ цаашид буурч, сэргээгдэх эрчим хүчний эрэлт нэмэгдэхээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Дэлхийд байгаа нүүрсний уурхайнуудын тал хувь нь үнэ цэнэгүй болоод байна" гэж “Gadfly” байгууллага дүгнэжээ. “Bloomberg”-ийн цуглуулсан мэдээллээр Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 412 тэрбум ам.долларын үнэ бүхий нүүрсний уурхайнууд эзэмшиж байгаагаас тал нь өр төлбөрөө цаг тухайд нь барагдуулж чадахгүйд хүрсэн байна. Өнгөрсөн онд дэлхийн улс орнууд дулаарлыг цельсийн 2 хэмд барих төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү төлөвлөгөөг биелүүлэхийн тулд одоогоор тогтоогдоод байгаа нүүрс зэрэг шатах ашигт малтмалын нөөцийн 60-80 хувийг ашиглахгүй байх шаардлагатай гэж Английн Төв банкны тэргүүн мэдээлсэн юм. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний өртөг буураад зогсохгүй байгалийн хийн хэрэглээ дэлхийд эрчимтэй тэлж байна. Энэ утгаараа байгалийн хийн ханш буурч, нүүрсний эрэлт агшихад хүчтэй нөлөөлж байгааг шинжээчид онцолжээ. Мөн нүүрсний эрэлтийг эргэн сэргээх хамгийн боломжит хувилбар нь байгаль орчинд ээлтэй технологи бий болгох гэж үзсэн байна.
Bloombergtv.mn
Сэтгэгдэл ( 0 )