Хилийн худалдааны бүсэд гаргахад бэлэн боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

Урд хөрш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод Хилийн худалдааны бүс нээгдэж байна. Энэ төслийн эхний ээлжийн барилга байгууламж энэ онд ашиглалтанд орох талаар Хятадын тал тавдугаар сарын 10-нд “Чингис” зочид буудалд болсон танилцуулах уулзалт дээр Монголын бизнес эрхлэгчдэд мэдэгдлээ.

Хятадын хилээс 20 км дотор орших Худалдааны чөлөөт энэ бүсэд Монгол, БНХАУ, ОХУ-ын иргэд, ААН байгууллагын гурван тал (нэг удаад 8000 юанийн өртөгтэй), гаальгүй, экспортын татваргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлж худалдах юм. Энд манай улсад хүссэн хэмжээгээр худалдааны стенд өгч, МҮХАҮТ-ын зөвшөөрлөөр манай дотоодын компани, ААН-үүдийг бүртгэн бизнес эрхлэгчдийг оролцуулснаар Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нээлттэй гаргах боломж нээгдэх юм байна.

Манай бараа бүтээгдэхүүн Монголын дотоодын гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан, чанартай байх гэсэн шаардлагуудыг хангасан байх талаар уулзалтанд оролцсон МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг онцоллоо. Эхний ээлжид хонины ноос, ноолуур зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн, арьс шир, гар урлал, ЖДҮ зэрэг олон нэр төрлийн барааг худалдааны бүсээр дамжуулан Хятадын зах зээлд гаргах боломжтой аж.


Худалдааны бүсэд Хятадын тал логистикийн үйлчилгээ, агуулах, нэгдсэн цахим худалдааны платформ, уламжлалт хилийн иргэдийн худалдаа, цахим худалдаа, аялал жуулчлалын худалдан авалтын үйл ажиллагаа явуулах юм. Ийнхүү урд хөрш “Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд манай улсын бизнес эрхлэгчдэд Хятадын зах зээлд гарах нээлттэй боломжийг олгож байна.

Танилцуулгын үеэр МҮХАҮТ-ын удирдлага БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Захиргааны Намын хорооны гишүүн, Эрээн хотын Намын дарга Ё Юнбетэй уулзлаа. 

Хилийн худалдааны бүсэд гаргахад бэлэн боллоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top