СЯ: Нийт зардлын 40 хувийг бараа, ажил үйлчилгээний зардал бүрдүүлсэн

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 12

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл дөрөвдүгээр сарын байдлаар 663.57 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 2.7 дахин нэмэгджээ. Төсвийн тэнцлийн бодит алдагдал төлөвлөснөөс бараг 567 тэрбум төгрөгөөр бага дүн болж байна. Бүтэн жилийн төлөвтэй харьцуулбал оны эхний дөрвөн сарын алдагдал 70.6 хувийг нь бүрдүүлсэн гэж Сангийн яамнаас мэдээллээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт 89.1 хувь, зарлагын бүрдүүлэлт 75.1 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1.65 их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 10.9 хувиар буюу 202.1 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Энэ нь 2015 оны мөн үеэс 1.2 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 88.5 хувийг татварын орлогоос бүрдүүлсэн байна. Үүнээс 16 хувийг буюу зургааны нэгийг орлогын албан татвараас төвлөрүүлсэн бол хагас их наяд орчим төгрөгийг нийгмийн даатгалын орлогоос, 313.8 тэрбум төгрөгийг НӨАТ-аас бүрдүүлсэн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага энэ хугацаанд 75.1 хувийн гүйцэтгэлтэй буюу 2.32 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 400 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Нийт зардлын 40 хувийг цалин хөлс, нийгмийн даатгал зэрэг бараа, ажил үйлчилгээний зардал бүрдүүлсэн болохыг Сангийн яам тайлагналаа. Түүнчлэн оны эхний дөрвөн сард төсвөөс 205.8 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top